Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 08:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлагийн дэд дарга Хван Кюсук, “Корей” их сургуулийн профессор Им Хюбэг, “Chung Ang” их сургуулийн профессор Чой Ёонгшил нарыг хүлээн авч уулзлаа.


БНСУ-ын Орон нутгийн хөгжлийн агентлаг нь Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалт семинарыг Гадаад харилцааны яаманд энэ сарын 02-нд зохион байгуулсан юм.


Ноён Хван Кюсук уулзалтын эхэнд дээрх семинарын үр дүн, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт шинэ санаа, тѳсөл нэвтрүүлэх боломж, бололцоо байгааг онцоллоо. Төслийн дийлэнх нь дэвшилтэт технологи ашиглан хөдөө аж ахуй, мал аж ахуйн үр ашгийг нэмэхэд чиглэсэн бөгөөд БНСУ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах бүрэн боломжтой гэсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хөдөө, аж ахуй, мал аж ахуйн салбарын үр өгөөжийг нэмэхийн тулд орчин үеийн технологи ашиглахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, эдгээр салбарт олон улсын мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага хэрэгтэй хэмээв.

Холбоотой мэдээ