Ө.Энхтүвшин: УИХ-ын гишүүнийг нийт гишүүдийн гуравны хоёрын саналаар эгүүлэн татна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар асуулт асууж, орон нутаг, тойргийн иргэдээс ирүүлсэн саналыг мөн танилцуулсан.
Тухайлбал, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүн байхаар тусгасныг өөрчлөн, тоог нь цөөлөх санал иргэдээс олноор ирснийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил уламжилсан. Түүнчлэн орон нутагт улстөржилтийг багасгах, сум, дүүргийн эрх мэдлийг нэмэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар халахгүй байхыг хуульчлах талаар ирүүлсэн иргэдийн саналыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцууллаа.
Ингээд УИХ-ын гишүүдээс аргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахын өмнө Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын багийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин товч мэдээлэл хийсэн.
Тэрбээр Үндсэн хууль дахь байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмын талаар ажлын багийн хуралдаанаар нухацтай ярилцсан гэдгийг дурдаад, төслийн 6.2 дахь хэсгийг “Байгалийн баялгийг тогтвортой, хөгжлийн бодлогод тулгуурлан, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах, одоо ба ирээдүйн иргэд аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхныг зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр мэдээлэл авах эрхтэй” хэмээн өөрчлөн найруулахаар тогтсон гэлээ. Ингэхдээ баялгийн сан байгуулах, иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой мэдээлэл авах эрхийг тодотгож өгсөн хэмээсэн юм. Түүнчлэн ажлын багийн хуралдаанаар хэлэлцээд төслийн 25.1.7 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийг “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын нийт дүнг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлэхгүй байх” гэж оруулж өгсөн гэсэн мэдээллийг өглөө.
Төслийн УИХ-ын сонгуультай холбоотой заалтад “Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно” хэмээн тусгаснаас “тогтолцоо” гэсэн үгийг хассан гэлээ. Мөн 29.1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бол тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэнэ” гэж өөрчилсөн байна. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гурвыг УИХ, нэгийг Засгийн газар, нэгийг мэргэжлийн холбооноос тус тус нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийн, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор тусгаж өгсөн гэдгийг онцолсон.
Түүнчлэн төслийн 57.2 дахь хэсгийг “Улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүрэг, бүрэн эрхийг олгох бөгөөд уг асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэсэн найруулгаар эцэслэн тохироод байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдлаа.
Ингээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.