Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд 5.5 сая санал ирүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-аас өнгөрсөн сарын 18-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулсан. Уг ажлын баг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгээс гарсан гишүүдийн санал, иргэдээс ирүүлсэн саналыг нэг бүрчлэн нэгтгэн томьёолжээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж, ажлын баг болон дэд ажлын багийн гишүүдээс хариулт авав. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг нь үндэсний хэмжээний зөвшилцлийн хүрээнд явагдаж чадаж буй эсэхийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуув. Мөн тэрбээр, уг төслийг батлахдаа ард нийтийн санал асуулгыг авах хэрэгтэй гэдгийг дурдсан юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн нийт 70 зүйлээс 20 зүйлийг хөндөж буй гэдгийг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшин хэллээ. Тэрбээр, "Энэ удаагийн парламент төслийг боловсруулах чиглэлээр хоёр жил гаруй ажилласан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулгын уулзалтыг 2017 оны 4 дүгээр сард зохион байгуулсан. Үүний тайланг нь үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс Улсын Их Хуралд гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлэх ажлыг 2017 онд улс орон даяар зохион байгууллаа. Төсөл санаачлагчдын тайланд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд давхардсан тоогоор 5.5 сая санал ирүүлсэн талаар дурдсан байна. Өнөөдрийн хэлэлцэж буй төслийг боловсруулахдаа иргэд, олон нийтээс ирүүлсэн саналуудаас шүүж, хамгийн олон удаа хөндсөн асуудлуудыг тусгасан. Төслийг бүх түвшинд зөвшилцөж байгаа" хэмээв.
Хуралдаанд оролцсон гишүүдээс төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй тул төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих эсэхээр санал хураахад 76.9 хувь дэмжлээ. Ийнхүү санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.