Үндэсний бөхийн цол олгох барилдааныг энэ сарын 10-11-нд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-01 14:50:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цол олгох барилдааныг Баян-Өлгий аймагт энэ сарын 10-11-ний өдөр зохион байгуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс "Аймгийн баяр наадам, баруун бүсийн зуны уралдааныг зохион байгуулах коммис"-т чиглэл болгосон байна.

Гэхдээ тухайн өдрүүдэд хурдан морь, сур харваа, шагайн харвааны тэмцээн болон бусад баярын үйл ажиллагаанууд болохгүй аж.

Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор Баруун бүсийн хурдан морины зуны уралдааныг долоодугаар сарын 27, 28-ны өдөр тус аймагт явуулахаар шийдвэрлэсэн. Улмаар аймгийн баяр наадмыг ч бүсийн уралдаантай зэрэгцүүлэн хийхээр болсон юм. Харин орон нутгийн бөхчүүдэд цол авах, цолоо ахиулах боломж бүрдүүлэх үүднээс үндэсний бөхийн барилдааныг түрүүлж хийх ба наадмын бусад урлаг, соёлын үйл ажиллагаанууд бүсийн уралдааны үеэр болох ажээ.

Зохион байгуулагчдын тайлбарласнаар Баруун бүсийн хурдан морины зуны уралдааны үеэр үндэсний бөхийн барилдаан болох ч бөхчүүдэд цол олгохгүй гэнэ.  

    

Холбоотой мэдээ