Элэгний Д вирусийг эмчлэх шинэ эм бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-06-25 16:55:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны санаачилгаар Элэгний B, Д вирусийн эсрэг эмчилгээний орчин үеийн чиг хандлага сэдэвт семинар өнөөдөр боллоо. Семинарын үеэр мэргэжилтнүүд элэгний вирусийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон улсын чиг хандлага, судалгааны үр дүнг танилцуулсан юм.


ХБНГУ-ын Хэйдэлбэргийн их сургуулийн эрдэмтэн Стефан Урбан элэгний В, Д вирусийн эмчилгээнд Бюлервиртид эмийг шинээр зохион бүтээсэн талаараа танилцуулав. Тэрбээр, энэхүү эмийг 2006 онд өөрийн багийн судлаачдын хамт 15 жилийн турш элэгний В, Д вирусийн үржлийн механизмыг судалсны дүнд бүтээжээ. Энэ нь элэгний эсийн гадаргуу дээрх вирусийг элэгний эс рүү нэвтрэхийг зогсоох үйлчилгээтэй бөгөөд В, Д вирус хавсарсан халдварын үед эмчилгээний үр дүн сайн, гаж нөлөөгүй, удаан хугацаанд хэрэглэж болох нь батлагдсан байна. 2012 онд Д вирусийн эсрэг эмчилгээний шинэ эмийн анхны эмнэлзүйн судалгаа эхэлсэн бөгөөд нийт 6 удаагийн  судалгаагаар 300 орчим хүнийг эмчилжээ.

Судалгааны багийн ахлагч Стефан Урбан хэлэхдээ, “Эмнэлзүйн өмнөх шатны буюу лабораторийн судалгаа 5 жил үргэлжилсэн. Харин одоогийн байдлаар, эмнийхээ тунг багасгаж, дахин вирусийн халдвар авахаас сэргийлэх эмийн найрлагыг гаргахаар зэхэж байна. Европын холбооны болон Америкийн улс орнуудад хэрэглэж болох эсэхийг батлах шатандаа явж байгаа. Цаашлаад клиникийн судалгааг амжилттай хийвэл Монгол Улсын эмчилгээнд нэвтрүүлэх боломжтой юм. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол”  хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад талархаж байна. Миний одоогийн хийж буй судалгаа үр дүнгээ  удахгүй өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв. 

ЭМЯ-ны газрын дарга Я.Амаржаргал: Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны Элэг бүтэн Монголүндэсний хөтөлбөрийг хүн амын дунд түгээмэл байгаа элэгний В, С вирусийн халдварыг устгах, бууруулах зорилгоор хэрэгжүүлж байна. ЭМД-тай 860 мянга гаруй иргэн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан. Тэдний 10.6 хувь нь С вирусийн, 8.8 хувь нь В вирусийн халдвартайг тогтоож, эмчилсэн. Тиймээс ДЭМБ Монгол Улсыг элэгний вирусийн халдвартай тэмцэх чиглэлээр “жишиг орноор тодруулсан. Учир нь, Засгийн газар, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд олон ажил хийж байна. Манай улсад элэгний В, С вирусийн халдвар илрүүлэн, ачаалал тоолох шинжилгээг үнэ төлбөргүй хийж байна. Халдвар илэрсэн тохиолдолд эм бэлдмэлээ эмчийн хяналттай ууж хэрэглэснээр олон хүн халдвараас бүрэн ангижирсан.

Их эмч Г.Мөнхдэлгэр: Элэгний А вирусийн хувьд, бохир гараар дамжин халдварладаг бөгөөд бүрэн эмчлэгддэг, цааш архагшдаггүй. Харин элэгний В, С, Д вирус цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл, вирусийн халдвар тээж буй хүнд хэрэглэсэн мэс заслын болон шүдний багажаар халдвар авч болно. Цусаар дамжиж халдварласан вирус архагшдаг. Ихэнх тохиолдолд гепатит вирусийн халдвар авсан хүн түүнийгээ мэдэлгүй явсаар архагшсан хойно нь мэдэх тохиолдол цөөнгүй. Вирусийн халдвар авснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд архаг халдвар болно. Монгол Улсад 1991 оноос нярай хүүхэд бүрийг төрснөөс нь хойш 24 цагийн дотор элэгний В вирусийн халдвараас сэргийлэх вакцин тарьж байгаа. С, Д вирусийн эсрэг вакцин одоогоор байдаггүй. Харин С вирусийн халдварыг эмчилж болдог. Д вирусийн хувьд, эмчилгээ болон вакцин ч байдаггүй байсан бол, энэ семинарт зочин илтгэгчээр оролцож буй Стефан Урбаны ахалсан багийнхан Д вирусийн эсрэг эмийг зохион бүтээсэн байна.


Тус семинарт ЭМЯ-ны удирдлага, АШУИС-ийн багш нар, гуравдугаар шатлалын эмнэлэг, дүүргийн нэгдсэн болон хувийн  хэвшлийн эмнэлгийн төлөөллүүд оролцсон юм.

 

Б. Ариунтуяа


Холбоотой мэдээ