Цусны салбар төв жилд 100 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн бэлдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-22 20:10:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цусны салбар төв нь жилд 100 орчим литр цус, цусан бүтээгдэхүүн бэлдэн, дунджаар 250 хүнд 485 удаа цус сэлбэн амьдрал бэлэглэж байна.

Аймгийн Цусны салбар төвийг 1967 онд үүсгэн байгуулсан бөгөөд анх найман донортойгоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ. 1967 оноос хойш тус салбар төвөөс нийт 30 хүндэт донор төрөн гарснаас өдгөө 18 нь цусаа бэлэглэж байгаа тухай Цусны салбар төвийн эрхлэгч Ц.Лхагвасүрэн онцлон танилцууллаа. Тэрээр сүүлийн жилүүдэд цусны хэрэглээ ихэсч буй учир донорын тоо нэмэх шаардлага бий. Тиймээс бид шинэ донорын тоог нэмэгдүүлж, хуучин доноруудаа идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байна гэлээ. 

Дэлхийн цусны донорын өдрийн хүрээнд тус салбар төв нь доноруудаа алдаршуулах зорилгоор зургаадугаар сарын 21-ний өдөр "Хэн ч хаана ч алтан амийг аврагч ачтан байж чадна"  уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын орлогч Ж.Ганбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Ш.Сэлэнгэ нар оролцлоо.

Мөн үеэр 11 донорыг орон нутаг хийгээд холбогдох байгууллагуудаас шагнаж урамшуулав. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргын жуух бичгээр хоёр, ИТХ-ын жуух бичгээр хоёр, Есөнбулаг сумын Засаг даргын хүндэт тэмдгээр гурав, Цус судлалын үндэсний төвийн Хүрэл донороор хоёр, Улаан загалмайн шилдэг залуу алтан медалиар хоёр донорыг шагнасан юм. 

Түүнчлэн энэ жилийн тухайд Монгол Улсын хэмжээнд Говь-Алтай аймгаас Хүндэт донор нэг, Хүрэл донор хоёр төрөн гарсан байна.


Холбоотой мэдээ