Улсын хэмжээнд зочлох үйлчилгээний сургалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-23 10:35:28

Төв  /МОНЦАМЭ/.  БОАЖЯ-наас санаачлан 21 аймгийн хэмжээнд 2019 оны 5-р сарын 20-ноос 6-р сарын 25-ныг хүртэл аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтыг зохион байгуулж байна.    Сургалтыг анх удаа олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, аялал жуулчлалын 9 мэргэжлийн ажлын байрны дүрэм, сургалтын хөтөлбөрийн дагуу үнэ төлбөргүйгээр мэргэжлийн сургагч багш нар хичээл зааж байгаа аж. Орон даяар уг сургалтаар 15 мянга гаруй зочлох үйлчилгээний ажилтан бэлтгэх зорилт дэвшүүлжээ.

Төв аймагт уг сургалтыг 6-р сарын 2-ноос эхлүүлсэн бөгөөд зөөгч, бартендер, бариста, тогооч, зочлох үйлчилгээ, аяллын хөтөч, аяллын жолооч, удирдлага, менежер гэсэн чиглэлээр онол, дадлагыг хослуулан явуулж байна. 

Зөөгчийн дадлагыг Чансаа ресторанд хийж байгаа бол тогоочийн дадлагыг МСҮТ-д хийж байгаа ажээ.

Уг сургалтыг аялал жуулчлалын тухай хуулийн 16.1.5-т "Аялал жуулчлалын асуудал эрхэллсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын бүтэц, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагатай хамтран батлах" гэсэн заалтыг үндэслэн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.1-т аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэх, бүтээгдэхүүн, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлнэ гэж тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ