ШЕЗ-ийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилохыг шүүгчид дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-18 18:06:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилуулах саналыг дэмжсэн байна.


Зөвлөгөөний үеэр, Т.Мэндсайханыг ШЕЗ-ийн гишүүнээр томилох санал хураахад, зөвлөгөөнд оролцсон 354 шүүгчийн 50.86 хувь нь дэмжсэн байна.  Зөвлөгөөнд Монгол Улсын анхан шатны шүүхийн нийт шүүгчийн 98 хувь нь оролцсон.


Ийнхүү Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Т.Мэндсайханыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүргүүлэх тогтоол гаргажээ. 


Т.Мэндсайхан 1982-1986 онд ОХУ-ын Екетаринбургийн Эдийн засгийн дээд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. 1998-2001 онд ХБНГУ-ын Маннхаймын их сургуулийн хууль зүйн ухааны магистр, 2001-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторын зэрэг хамгаалсан. Тэрээр улсын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Тухайлбал, 1986-1988 Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хороонд хөдөлмөрийн улсын байцаагч, 1988-1990 онд Төлөвлөгөө эдийн засгийн улсын хороонд мэргэжилтэн зэрэг алба хашиж байжээ. 1995 оноос хойш МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшилж байна. Мөн 2014-2018 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албыг мөн хашсан.



Холбоотой мэдээ