Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчилж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
183@montsame.mn
2019-06-17 14:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд өнөөдрөөс өргөтгөн шинээр тавьж эхэллээ. Дөрвөн эгнээтэй  энэ замыг 11 дүгээр сард   ашиглалтад оруулна.  

Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавьж байна. Замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хөдөлгөөнийг 15 хэсэгт хааж бүтээн босголт хийж байна. Гэхдээ зам хаасан хэсэгт иргэд түр замаар зорчин бусад хэсэгт үндсэн замаар хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гарамаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явах юм.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ гэж ЗТХЯ-аас мэдээлж байна.

Холбоотой мэдээ