Дорнод аймагт Хятад иргэн замын ослоор амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 10:52:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт нийт 1032 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 699 зөрчлийг шалгажээ. 


Нийт ослын улмаас нийслэлд 40 хүн бэртэж, нэг хүний амь хохирсон бол орон нутагт таван хүний амь хохирсон байна. Хүүхэд бэртсэн 15 дуудлага ирсэн бөгөөд дийлэнх нь эцэг эх, асран хамгаалагчийн буруугаас болсон байна. Тухайлбал, хүүхдийг буруу тээвэрлэснээс гурван хүүхэд, унадаг дугуйтай хоёр хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байхдаа бэртсэн байна. 


Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, Төв аймгийн Батсүмбэр сумын Нарстай гэх газар энэ сарын 11-ний 21.31 цагт засмал замд "Тоёота приус" загварын автомашин нутгийн иргэн, 59 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Мөн энэ сарын 11-ны 15.10 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Баяннуур гэх газар шороон замд "Lexus-470" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, зорчигч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн 52 настай, эрэгтэй П амиа алдсан. Булган аймгийн Хангал сумын нэгдүгээр багийн нутаг, Оросын гарам гэх газар шороон замд "H.Avante XD" загварын тээврийн хэрэгсэл онхолдож, жолооч 29 настай эрэгтэй нас баржээ.  Энэ сарын 13-ны 04.10 цагийн орчимд Төв аймгийн Цээл сумын Хүүлээ хан тавдугаар багийн нутаг, Шийтэр гэх газар шороон замд Мустанг-5 загварын мотоцикл онхолдож, 23 настай, эрэгтэйн амь хохирчээ. 


Холбоотой мэдээ