ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Бишкек хотод эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-14 12:43:09

БИШКЕК. АБАР/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт Бишкек хотод эхэлжээ.  


Арга хэмжээ “Ала-Арча” төрийн ордонд болж байгаа аж. Өндөр дээд хэмжээний зочдыг Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авсан байна. Тэрбээр зочидтой хамт зургаа татуулсны дараа тэднийг хүлээлгийн танхимд урьжээ. Энэ танхимд багасгасан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болох төлөвтэй байна.  


ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад байнгын гишүүдийн хувиар Энэтхэг, Казахстан, БНХАУ, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, Киргиз улсын удирдагчид оролцож байгаа бол ажиглагч орнуудын хувиар Беларусь, Афганистан, Иран болон Монголын төрийн тэргүүн нар хүрэлцэн иржээ.   


Хуралдаанд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жоомарт Токаев, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан болон Беларусийн Төрийн тэргүүн Александр Лукашенко, Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмазай нар Бишкек хотод хүрэлцэн ирсэн байна.


Бишкек хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг гадаадын болон орон нутгийн 500 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжлах юм. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хуралдааны үеэр гарын үсэг зурахаар төлөвлөж буй 20 орчим баримт бичгийг боловсруулж байгаа тухай өмнө нь Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд