Торонто Рэпторс “NBA”-гийн аваргаар анх удаа шалгарлаа

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-06-14 13:15:20

ВАШИНГТОН. /The Guardian/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ энэ оны финалд тунан үлдээд байсан Торонто Рэпторс баг Голден Стэйт Уорриорз багийг цувралын 6 дахь тоглолтод 114:110 харьцаагаар хожиж, Голден Стэйт Уорриорз багийн гурав дараалан аваргалах боломжийг үгүй хийлээ.


Торонто Рэпторс багийн холбон тоглогч Кайл Лоури, хүчний довтлогч Паскаль Сиакам нар тус бүр 26 оноог авсан бол Фред ВанВлит, Каваи Леонард нар тус бүр 22 оноог багтаа авчирчээ.


Голден Стэйт Уорриорз багийн тоглогч Клэй Томпсон 30 оноо аваад байсан хэдий ч өвдөг нь гэмтсэний улмаас тоглолтыг дундаас нь орхисон байна. Харин тус багийн тоглогч Андре Игуодала 22 оноо, Стефен Көрри 21 оноо тус тус авжээ. Тоглолт дуусахад 5 секунд дутуу байхад С.Көрри 3 онооны шидэлтээ алдсан бөгөөд тоглолтын сүүлийн мөчид Голден Стэйт Уорриорз завсарлага захиалсан боловч тэдний завсарлагын тоо гүйцсэн байжээ.


Финалын цувралд хоёр баг зургаан тоглолт хийж, Торонто Рэпторс баг 4:2 харьцаагаар тэргүүллээ. “NBA”-гийн түүхэнд Канадын Торонто Рэпторс баг анх удаагаа аваргын цом хүртэж буй нь энэ юм. 


Сан-Антонио Сперс багаас өнгөрсөн зун Торонто Рэпторст ирсэн К.Леонард финалын “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарчээ. Тэрбээр энэ шагналыг хоёр дахь удаагаа хүртэж байна. Түүнчлэн хоёроос дээш багт тоглох хугацаандаа “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагнал авсан гурав дахь тоглогч К.Леонард болсон бөгөөд энэ жагсаалтад Карим Абдул-Жаббар, Леброн Жеймс нар бичигддэг билээ. 

Холбоотой мэдээ