Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-13 18:47:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.


УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 6-ны УИХ-ын чуулганы хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын багт өөрийн саналаа хүргүүлсэн ч төсөлд тусгаагүй байгааг онцлов. Мөн тэрбээр, “Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг төсөлд тусгасан гэдгийг ажлын баг хэлсэн. Гэвч төсөлд тодорхой нэр зааж оруулаагүй байна. Эрдэнэт л гэхэд өнөөдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум гэж явж ирсэн. Хэрэв хот болговол төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ сайжрах юм” гэлээ.


УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан, “УИХ-ын гишүүнийг таван жилийн хугацаагаар сонгодог байх, Ерөнхий сайдад нэр дэвшигч нь УИХ-ын гишүүн байх гэсэн саналыг О.Содбилэг гишүүн ирүүлсэн. Энэ бүх саналыг ажлын баг нарийвчлан хэлэлцсэн юм. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүн нь заавал УИХ байна гэдгийг УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуулиар шийдвэрлэх боломжтой. Харин УИХ өөртөө давуу эрх олж авах, хугацаагаа сунгахыг Үндсэн хуулиар хориглодог тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд орон нутгийн харъяаллын хотын талаар заалт орсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа Дархан, Эрдэнэт бол улсын хэмжээний томоохон хот гэдгийг Засгийн газар, УИХ тогтоох юм” хэмээн тайлбарлав.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат илэрхийлэв.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ИТХ-аас сонгогдсон Нийслэлийн Засаг дарга нь ард түмнээс сонгосон дүүргийн Засаг даргатай хамтран ажиллахаар заасан төрийн захиргааны нэгдмэл байх чанарыг эвдэж, удирдах, удирдуулах ёс өөрчлөгдөх магадлалтай гэдгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Түүнчлэн Үндсэн хуулийн цэцэд улс төрч ажиллахыг болиулах, төрийн албан хаагчийн эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах заалтуудыг дэмжиж буйгаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын багийн гишүүн Д.Тогтохсүрэн, “Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс сонгох ч огцруулах эрхийг дээд шатны Засаг дарга нь шийддэг байхаар тусгасан” гэлээ.


УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, “Иргэдээс сонгосон Засаг даргыг дээд шатны удирдах албан тушаалтан чөлөөлдөг байх ёсгүй. Сонгосон хүнээ ард түмэн өөрөө эгүүлэн татах ёстой. Түүнчлэн төсөлд улсын төсөвт Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардал нэмж болохгүй гэсэн заалт заавал тусгах шаардлага байгаа юу. Түүнчлэн Ерөнхийлөгчийг 55 наснаас дээш байх асуудлыг Үндсэн хуульд тусгах бол УИХ-ын гишүүдийн насыг ч мөн заах хэрэгтэй гэдэг санал иргэдээс ирүүлж байсан” хэмээв.


Иргэдийн сонгосон сум, дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг төслийг хэлэлцэх явцад сайжруулах боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэллээ.


УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажил хийхийн тулд улсын төсвийн зардлыг их хэмжээгээр нэмдэг нь байнга шүүмжлэл дагуулдаг гэдгийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэллээ. Мөн тэрбээр дэлхийн улс орнуудад ч Засгийн газрынхаа зөвшөөрлөөр төсөвт зардал нэмэх нийтлэг жишигтэй гэдгийг онцлов.


Сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг хэн, хэрхэн тодруулахыг УИХ-ын гишүүн Л.Болд тодрууллаа.


Нэр дэвшигчийг хэрхэн тодруулахыг органик буюу Үндсэн хуульд орууллах нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа боловсруулах салбарын хуулиар шийднэ гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт тайлбарлав.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуулийн гол үзэл, баримтлалыг өөрчлөөгүй тул цаашид хэлэлцэх бүрэн боломжтой гэдгийг онцлоод, “Монгол Улсад эв нэгдэл алга. Бид хүчээ нэгтгэхгүйгээр улсаа хөгжүүлэх боломжгүй. Улс төржилт хязгаараа давж, хэтийдэж байгаа” хэмээв. Түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амжиргааг дээшлүүлэхтэй холбоотой заалтуудыг түлхүү оруулах шаардлагатай байгааг онцлов. Мөн тэрбээр, “Ерөнхийлөгчийг улираан сонгохыг хориглох нь зөв сонголт эсэхэд эргэлзэж байна. Тодруулбал, тухайн хүн “Би дахин сонгогдохгүй юм чинь” гээд бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнө төрийн ажил цалгардуулаад байх тохиолдол гарах вий” гэлээ.


УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Монгол Улсын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги хариуцсан төрийн захиргааны байгууллага бий болгох ёстой. Улмаар түүнийг өөрчлөн байгуулахыг хуулиар хориглох хэрэгтэй. Ингэвэл төрийн бодлого тогтвортой байж, залгамж чанараа хадгалах болно” хэмээн онцолсон юм.


Харин УИХ-ын гишүүн М.Энхболд, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах эсэхээ УИХ-ын гишүүд болон намын бүлгүүд шийдэж, нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Ингэвэл хуулийг баталсны дараа гарах маргаанаас урьдчилан сэргийлж чадна” гэв.


УИХ-ын гишүүн Л.Болд зөвхөн парламентын түвшинд бус бусад улс төрийн намуудтай ч нэгдсэн ойлголтод хүрч, зөвшилцөх ёстой гэдгийг дурдаж байлаа.


Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Содбилэг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зөвхөн ээлжит бус чуулганаар хэлэлцдэг болох хэрэгтэй гэсэн санал гаргалаа. Ээлжит чуулганы хугацаанд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг өргөн мэдүүлсэн тохиолдолд бусад хууль, тогтоолын төслүүд бүгд гацаанд ордог тул дээрх хувилбар асуудлыг шийдэх хамгийн энгийн бөгөөд шуурхай арга хэмээн тайлбарлаж байв.


Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “УИХ-ын гишүүд хурууны хээгээр санал өгдөг болсон. Гэвч техникийн саатлын улмаас зарим санал хураалтад гишүүдийн хурууны хээг уншихгүй тохиолдол бий. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал хураалтуудыг гар өргөж саналаа өгдөг байдлаар шийдвэрлэх нь зөв” гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.


Ийнхүү санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.



Холбоотой мэдээ