Байгаль хамгааллын талаар өмгөөлөх, нэхэмжлэл гаргах хуулийн заалт хэрэгжихгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-06-11 17:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар” зочид буудалд өнөөдөр “Байгаль орчны эрхийн хэрэгжилт: Стратегийн өмгөөлөл" олон улсын хэлэлцүүлэг эхэллээ.

“Хүний эрх хөгжил төв”, Нээлттэй нийгэм форум болон Олон улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн сүлжээ (ОУЭЗНСЭС) байгууллагаас зохион байгуулж буй уулзалт хэлэлцүүлэгт Ази, Африк, Европ, Латин Америк зэрэг таван тивээс төлөөлөл оролцож, байгаль орчныг хамгаалах эрхзүйн өмгөөллийн талаар санал солилцон туршлагаа хуваалцаж байна. Бид хэлэлцүүлгийн талаар дотоодын зарим оролцогчоос тодрууллаа.

Дорнод аймгийн “Буйр нуур, Халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Д.Ганцогт, “Өнөөдөр бид жишээ нь, төрөөс гарч буй байгаль орчны талаарх шийдвэрүүд нийтийн эрх ашиг, сонирхлыг зөрчиж байгаа эсэх, зөрчсөн нөхцөлд шүүхэд яаж нэхэмжлэл гаргаж өмгөөлөх талаар хэлэлцэж туршлагаа солилцож байна. Манай байгууллагын хувьд “Петро дачин” ХХК-тай холбоотойгоор байгаль орчны хохирлын стратегийн өмгөөллийг явуулж байсан. 



Дээрх компани нь Газрын тосны тухай хуульд заасны дагуу орон нутагт Хамтын ажиллагааны гэрээг сумдтай байгуулах ёстой байсан ч хийгээгүй таван жил болж байгаа юм. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад өмгөөлүүлж чадсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Петро дачин”-г 30 сая төгрөгөөр торгуулсан. Гэвч хариуцлага хүлээлгээд байхад л гэрээ хийхгүй байх сонирхолтой байдаг. Уг нь гэрээ хийснээр тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэртэй юм” гэж байв.

Гарч буй бэрхшээлийн талаар хэлэхдээ, “Гадаад, дотоодын компаниудад байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх талаар шахаж шаардах ёстой төрийн байгууллагууд хуулийг сайн хангаж хэрэгжүүлэхгүй байна. Мөн орон нутагт төр болон ТББ-уудын ажилтнуудад эрхзүйн мэдлэг дутдаг, шүүх дээр болохоор нэхэмжлэлийг элдэв шалтаг шалтгаан тоочин хүлээн авахгүй чирэгдэл учруулдаг зэрэг байдал гардаг” гэв. Тэрээр компаниуд орон нутагтай гэрээ хийж ажиллаагүй бол шүүхэд хандаж хариуцлага тооцон хүлээлгэдэг жишгийг Монголд тогтоох хэрэгтэй гэж байв.


Байгаль хамгаалах эрхэд шалгуур тавьж хязгаарлах ёсгүй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв

 

Байгаль орчны төлөө “Өгсөн, авснаа нийтэл” ТББ-уудын эвслийн зохицуулагч Б.Баярмаа хэлэхдээ, “Хэлэлцүүлгээр ТББ-уудын нэхэмжлэх эрхийн талаар өнөөдөр нэлээн хөндлөө. Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар ТББ-уудад байгаль орчныг хамгаалах чиглэлээр шүүхэд нэхэмжлэл гаргахад дөрвөн эрхийг нээж өгсөн нь сайн талтай.

Түүнээс хойш ТББ-ууд идэвхтэй ажиллаж эхэлсэн ч нэхэмжлэл гаргахад хуулиар тавьсан, тухайн ТББ гурваас дээш жил тогтвортой ажилласан байх ёстой, түүнийгээ нотолж, тайлангаа гарга гэх мэт шалгуур тавьдагаас болоод байгаль хамгааллын талаар өмгөөлөх, шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн заалт хангалттай хэрэгжихгүй байна” гэв. Энэ талаар гадаад орнуудад элдэв шалгуур тавьж хязгаарладаггүй, чөлөөтэй нээж өгч нийтийн эрх ашгийн өмгөөллийн хуулийн олон механизм аргыг хэрэглэдэг байна.



“Байгаль орчны эрхийн хэрэгжилт: Стратегийн өмгөөлөл" олон улсын хэлэлцүүлэгт манай улсаас байгаль орчны 20 гаруй хуульч, өмгөөлөгч, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, байгаль хамгаалах ТББ-уудын төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлэг дөрвөн өдөр үргэлжлэх юм.

Б.Болд

Холбоотой мэдээ