Монгол руу мах экпортлох эрх авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-30 13:28:12

ЖӨНЖОУ. /people/. БНХАУ-ын тахиа, гахайн мах үйлдвэрлэгч 20 компани Монгол руу мах экспортлох албан ёсны эрхийг тус улсын эрх бүхий байгууллагуудаас авсан байна.

Эдгээр компанийн нэг болох Хөнань мужийн “Юун Да Дао Көү Ши Пинь” ХХК мужийнхаа брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж Хөнань мужийн Хилийн хяналт, хорио цээрийн товчоо мэдэгджээ.

Ингэснээр тус мужийн хүнсний аж ахуйн нэгж анх удаа Монголын зах зээлд мах нийлүүлэхээр болж байна. Уг компани 2016 онд Монгол руу нийт 13 сая доллартай тэнцэх 7200 тонн мах экспортлоно гэж төлөвлөж байгаа аж.

Монгол нь газар зүйн байрлалын хувьд “Нэг бүс, нэг зам” санаачилгын дагуу оршдог ач холбогдол бүхий орнуудын нэг бөгөөд  Хятадын хүнсний үйлдвэрлэгчид Монгол руу махан бүтээгдэхүүн нийлүүлэх болсноор Хятадын хүнсний бүтээгдэхүүнийг Баруун Азид түгээх боломж нээгдэж байна гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.  

Б.Өлзийням

Холбоотой мэдээ