Иргэдэд ойртож үйлчлэхийг улстөржүүлж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-10 14:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит XXV хуралдаан үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр  хэлэлцэн  Сонгинохайрхан дүүргийн  11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр 27 хороо байгуулахаар тогтож, Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн юм. Улмаар өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт НИТХ-аар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар хуралдсан ч МАН-ын бүлгээс түр хугацаагаар завсарлага аван өнөөдөр ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ талаар НИТХ-ын дарга Р.Дагвагаас тодруулбал, “Иргэдээс төрийн үйлчилгээг хүргэх хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх талаар их санал гомдол ирдэг. Нийслэлийн хүн ам сүүлийн 20 жилд гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгаа бий. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүртээ 350 орчим мянган хүн амтай. Энэ нь дунджаар тооцвол дөрвөн аймгийн хүн амтай тэнцэнэ. Улаанбаатар хотын нэг хороо дунджаар 7000 хүн амтай байхад дээрх хоёр дүүрэгт 10 мянгаас дээш хүн амтай хороо олон байгаа.


Тиймээс нийслэлийн дүүргүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх, хороодын тоог олшруулах нь зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Ингэснээр иргэдэд хүрч байгаа төрийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэхээс бус зарим нөхдийн яриад байгаа шиг энэ бол улстөржилт биш” гэв.

Тэрээр, “Энэ бол одоо ярьж буй зүйл биш. Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, хороодын тоог нэмэх талаар хоёр жилийн өмнө холбогдох байгууллагын хэмжээнд хөндөж байсан. Иргэдийн тэгш эрхийг хангаж, тэдэнд төрийн үйлчилгээг үзүүлж хүргэх нь  иргэд хаана амьдарч байгаагаасаа үл хамаарах зүйл юм. Бид энэ зарчмын дагуу ажиллаж байна” гэв. 


Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай нь Сонгинохайрхан дүүрэг бөгөөд анх 1992 онд 20 хороо, 115 мянган хүн амтайгаар байгуулж байсан бол өдгөө 32 хороо, 300 гаруй мянган хүн амтай болжээ. 

Холбоотой мэдээ