Онгон сумын хэсгийн төлөөлөгчийг унаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-09 19:30:06

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, Онгон сумын ЗДТГ,  холбогдох иргэдийн хамтарсан хөрөнгө оруулалтаар тус сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгчийг унаажуулж, авто машиныг гардууллаа. 10 сая төгрөгийн өртөг бүхий Nissan Tiida маркын авто машиныг Онгон сумын цагдаагийн алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах юм.

Хэсгийн төлөөлөгч бол цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж. Тиймээс энэхүү анхан шатны алба хаагч унаатай байна гэдэг олон талын ач холбогдолтой. Иргэдэд хүрч үйлчлэх хурд нэмэгдэж, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг түргэн шуураай шийдвэрлэх, гэмт хэрэг зөрчлийг богино хугацаанд илрүүлэх цаашлаад шинээр мөрдөгдөж буй хууль тошгтоомжийн хүрээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийнхөө материалыг прокурорын газарт хүргэж хянуулах ажилд ахиц гарах юм. Аймаг, сум орон нутгийн үе үеийн удирдлагууд хэсгийн төлөөлөгч нарыг унаажуулж, мотоциклиор хангаж байсан. Гэвч одоо цаг үе өөрчлөгдөж байна. Бид адилхан л явах ёстой. Тиймээс цаашид сумдын  хэсгийн төлөөлөгчдийг унаажуулах ажлыг үе шаттайгаар хийнэ гэж аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн  хурандаа Н. Лхагвасайхан хэллээ.

Аймгийн Цагдаагийн газар 2019 онд аймгийн Засаг дарга болон сумдын засаг дарга нартай хамтран ажиллах гуравласан гэрээг байгуулсан. Уг гэрээнд цагдаагийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэх, албаны бэлэн байдлыг хангуулах  чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүд тусгагдсан. Ийнхүү уг гэрээ эхнээсээ хэрэгжиж эхэлсэн нь энэ юм. Цаашид Түмэнцогт, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумын хэсгийн төлөөлөгч нарыг мөн унаажуулахаар болжээ.

Цагдаагийн хэлтэст иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 50 хувь өссөн. Бусад төрлийн гэмт хэрэг зөрчил ижил түвшинд байна. Албаны авто машингүй байсан өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн дуудлагад алба хаагчид өөрсдийн машинаар эсвэл хүний унаагаар явдаг байсан. Харин ийнхүү алба хаагчид өөрсдийн гэсэн унаатай болсноор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд төдийгүй иргэдэд олон талын ач холбогдолтой. Ажлаа хурдан шуурхай хийж гүйцэтгэх боломжтой болж байгаад баяртай байна гэж Онгон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Г.Гантулга ярив.

Холбоотой мэдээ