Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 3.1 их наяд рублийн гэрээ байгуулав

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-06-09 09:20:08

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Зургадугаар сарын 6-8-нд болсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр 3.1 тэрбум их наяд рублийн өртөг бүхий 650 гэрээ байгуулсан тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, уг форумыг зохион байгуулах хорооны орлогч дарга Антон Кобяков мэдээлжээ.

 

“Энэ жил урд жилүүдийнхээс илүү олон гэрээ байгууллаа. Эдгээрээс арилжааны нууцад хамаарахгүй нь нийтдээ 3.1 их наяд рублиэр хэмжигдэх 650 гэрээ юм” гэж тэрбээр форумын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


Кобяковын мэдээлснээр, энэ жилийн форум оролцогчдын тоо, бүрэлдэхүүний хувьд хамгийн том нь боллоо. Уг форумд 145 улсын 19 мянга гаруй төлөөлөгч оролцсоны 1300 нь “өндөр албан тушаалын түвшний төлөөлөгчид”, мөн БНХАУ-ын дарга Си Жиньпинийг оруулаад төрийн долоон тэргүүн оролцлоо гэж зохион байгуулагчид нь мэдээллээ.


Хятад болон Америк улс форумд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. “Энэ жил хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон улс бол Хятад юм. Тус улсын төлөөлөгчдийн багт 1072 хүн орсон бол хоёрдугаарт 520 хүн хүрэлцэн ирсэн Америк орсон” гэж Кобяков онцлон дурдсан байна. Тус хоёр улсаас гадна, Франц, Япон, Герман, Швейцар, мөн Их Британийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцжээ.


ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх форумд АНУ-ын төлөөлөгчид оролцсон талаар ярихдаа, Америкийн хориг нь зарим талаар Петербургийн олон улсын эдийн засгийн форумын сурталчилгаа болсон гэдгийг онцлон дурдсан байна. Америкийн бизнес эрхлэгчид ажил хэргийн талаар ярилцах гэж хүрэлцэн ирсэн гэж Кобяков цохон хэлэв.


Энэ жилийн форумд дэлхийн улс орнуудын 1300 компани, ОХУ-ын 2500 компани оролцсон байна. Петербургийн олон улсын эдийн засгийн форумыг янз бүрийн улсын 4800 сэтгүүлч сурвалжилжээ. Форумтай хамтран ажиллагч түншүүдийн тоо энэ жил 1.5 дахин нэмэгдэж, 148 компани болсны дотор урд жилүүдийн форумд оролцож байгаагүй Саудын Арабын хоёр том компани байгаа аж.


Кобяковын мэдээлснээр, 23 дугаар форумыг зохион байгуулах хороо 2021 онд болох Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ойн бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Үүнээс гадна, форумыг зохион байгуулдаг үзэсгэлэнгийн төвд дөрвөн шинэ павильон байгуулна.

Холбоотой мэдээ