Ахуйн хог хаягдлыг үнс ашиглан тогтворжуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-06-05 17:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр байгаль хамгаалах өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.

Энэ хүрээнд МУИС-д “Хүрээлэн буй орчин-2019" эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг зохион байгуулж, “Агаарын бохирдол ба шийдэл”, “Хог хаягдлын менежмент”, “Усны бохирдол ба шийдэл” сэдвүүдийг хөндлөө.

Хурлыг БОАЖ-ын сайдын зөвлөх, доктор Г.Нямдаваа нээж хэлэхдээ, "Хүрээлэн буй орчныг бохирдуулж байгааг манай орны хувьд төдийгүй дэлхий нийтээр анхаарах шаардлага тулж байна. Хүний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр жил ирэх тусам хог хаягдал ихсэж, байгаль орчин бохирдож, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна" хэмээн дурдаад манай орны байгаль орчин сүүлийн хоёр жилд хэрхэн өөрчлөгдсөнийг Монгол орны нийт газар нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь доройтолд орсон” гэсэн тоогоор жишээлэн хэлэв.


Хурлын үндсэн илтгэлийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга тавьсан юм. Тэрээр, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, хөрсний бохирдол жилээс жилд төв суурин газруудад нэмэгдэж, гадаргын ус мөн адил бохирдсоор байна. Хог хаягдлын эх үүсвэрийг иргэд, ААН, үйлдвэрийн газрууд ихэвчлэн бүрдүүлж байгаагаас барилга, ахуйн хог хаягдал, тэр дотроо аюултай хог хаягдал зонхилж байна. Гэтэл манайд аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах газрын асуудлыг өдий болтол шийдээгүй байгааг хэлэв.

Манай улс хог хаягдлын тухай хуультай болсон ч хангалттай хэрэгжүүлэхгүй байгааг анхаарах цаг болсныг онцолж байв. Хог хаягдлаа шийдвэрлэхэд зөвхөн төр засаг, байгаль орчин хариуцсан байгууллагыг хараад байх биш, иргэн бүр хараа хяналтаа тавьж, шахаж шаардаж оролцохыг уриалав.

Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид ахуйн хог хаягдлыг үнс ашиглан тогтворжуулж байгаа, нийслэлийн Баянхошуу орчмын гэр хороололд электростатик буюу тортог ялгагч төхөөрөмж тавин туршиж буй ажлаа танилцуулсан юм.

                                                                                                                                                           Б.Халиун

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ