ИНЕГ спорт цогцолбор, хүүхдийн цэцэрлэгтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-05 12:36:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг  шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулсан хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангажээ. Тухайлбал, эзэмшлийн талбайдаа усан бассейн бүхий иж бүрэн спорт цогцолбор барихаар төлөвлөн холбогдох газраар зураг төслийг нь хийлгэж бэлэн болгосон байна.


Спорт цогцолборын барилга нь 3 хэсгээс бүрдэх бөгөөд a хэсэгт 359 хавтгай дөрвөлжин талбай бүхий үзэгчдийн суудал, 571 хавтгай дөрвөлжин талбай бүхий спорт заалтай, b хэсэгтээ нэгдүгээр давхарт нь 532 метр хавтгай дөрвөлжин талбайтай том хүний, 132 хавтгай дөрвөлжин талбай бүхий  хүүхдийн усан бассейн, эрэгтэй, эмэгтэй саун, шүршүүр, хувцас солих өрөө, хоёрдугаар давхартаа 122 хавтгай дөрвөлжин талбай бүхий фитнессийн танхимтай байх юм.

Мөн с блокт 185 хавтгай дөрвөлжин талбайтай чийрэгжүүлэлтийн танхим, задгай теннисний талбай, хувцас солих болон багш, дасгалжуулагч нарын өрөө, бэлтгэлийн танхим, захиргаа, техникийн өрөөтэй байхаар төлөвлөжээ. Түүнчлэн ариун цэврийн өрөө болон үзэгчдийн суудлыг хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан тусгай өрөө, суудал байхаар төлөвлөсөн байна.

Гадна талбайдаа хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай байгуулж, зүлэг бут, ногоон байгууламж, сүүдрэвч, амрах талбай, авто зам, машины зогсоол зэргийг иж бүрнээр нь шийдвэрлэсэн спорт цогцолбор барьж байгуулах юм.

Түүнчлэн ИНЕГ-аас салбарынхаа ажилчдын хүүхдүүдэд зориулан БСШУЯ-ны баталсан жишиг зургийн дагуу 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барихаар төлөвлөж, зураг төслийг нь бэлэн болгоод байна. Хүүхдийн цэцэрлэгийн барилгыг мөн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гадна талбайн иж бүрэн тохижилттой нь барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ийнхүү ИНЕГ-аас ирэх онд тохиох Нисэх хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ойгоо угтан салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ