Идэр сум 2019 онд нэгдсэн халаалтад холбогдоно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-01 17:12:42

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Идэр суманд энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн 64 сая төгрөг хуваарилагджээ. Энэхүү хөрөнгийг ямар бүтээн байгуулалтад зарцуулах талаар иргэдээсээ санал авч эрэмбэлсэн байна.

Ийнхүү 2019 онд малчдын өвөлжөө бууцны ариутгал, малын эрүүл мэндийн цахим систем нэвтрүүлэх, хогийн цэгийг тохижуулах тоног төхөөрөмж авах ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн байна. Харин өнгөрсөн жил тус сум “Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд нэг га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж гацуур, бургас, улиас зэрэг 250 гаруй модыг суулгаж ургуулсан байна. Энэ жил тус цэцэрлэгт хүрээлэнд иргэд санаачилгаараа мод нэмж суулгажээ.

Харин 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн 57 сая төгрөгийн хөрөнгөөр хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх стандартын тоглоомын талбай, эрүүл мэндийн төвийнхөө өргөтгөлийн ажлыг хийж цусны анализатор, монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, яаралтай тусламжийн анхан шатны багаж тоног төхөөрөмжийг авчээ. Мөн хөрөнгөөр сумынхаа шилдэг нэг эмч, зургаан сайн багшийг тус тус шалгаруулж төллөх 10 хониор малжуулсан байна.

Сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн дэргэд малчдын зургаан настай хүүхдүүдэд зориулсан “Гэр өргөө”-г шинээр барьж байгуулан ирэх хичээлийн шинэ жилд 16 хүүхэд хүлээн авахад бэлэн болсон тухайгаа Идэр сумын ЗДТГ-аас дуулгав.

200 хүний суудалтай соёлын төвтэй болно

Энэ жил Идэр сумын хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил болно.

Тухайлбал улсын төсвийн хөрөнгөөр 200 хүний суудалтай Соёлын төв барихаар зураг төсвийг нь хийж тендер шалгаруулалт зарлажээ. Барилгын ажлыг ирэх зургаадугаар сарын дундуур эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн сумын төв нэгдсэн дулаан халаалт, цэвэр усны шугамд холбогдохоор зураг төсөв нь хийгджээ. Эхний ээлжид төсөвт газрууд нэгдсэн халаалтад холбогдоно. Цэвэр усны шугам нэгдсэн халаалтад холбогдох хүсэлтэй иргэдийн тоог авч холбох ажлыг шат дараатай хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн сумынхаа өнгө үзэмжийг сайжруулахаар “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна суманд тарьж буй мод бутны нэр төрлийг нэмэгдүүлэх, байгууллага бүр гадна талбайгаа тохижуулж цэцэрлэгжүүлэх аян үргэлжилж байгаа хэмээн нэмж мэдээлэв.  

Холбоотой мэдээ