“Гуа довын Хүннүгийн дурсгал” номын нээлт боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-06-01 17:04:23

Төв  /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Эрэгзэнгийн “Гуа довын Хүннүгийн дурсгал” номын нээлт их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн нийтийн номын санд боллоо.

Нээлтийн ажиллагаанд ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун болон Зуунмод сумын ЕБС-ийн түүх нийгмийн хичээлийн багш нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон БНСУ-ын Үндэсний музей хамтран 2013-2016 онд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших “Гуа дов” хэмээх Хүннүгийн дурсгалт газар археологийн судалгаа хийсэн ажээ. Энэ судалгаанд суурилж уг ном бүтсэн аж.

Уг номонд Монгол нутагт буй эртний нүүдэлчдийн түүхийн ул мөр болсон хот суурины үлдэгдэл, булш бунханд археологийн судалгаа хийж, эртний нүүдэлчдийн соёл, ахуйг сэргээн ойлгох, цаашлаад Зүүн Азийн бүс нутгийн харилцааны асуудлыг тусгасан хамтын бүтээл аж.

“Гуа дов” дурсгал нь Хэрлэн голын баруун эрэгт байрлах бөгөөд Хүннүгийн үеийн барилга, байгууламжийн ул мөр эндээс олдсон нь түүхийн томоохон дурсгал болох үндэс болжээ. 

“Гуа довын Хүннүгийн дурсгал” номын нээлтийн үеэр ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун төрөлх нутгийнхаа Д.Нацагдоржийн нэрэмжит аймгийн “Нийтийн номын сан”-д 1 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий номын дээжийг бэлэглэсэн байна.

Холбоотой мэдээ