Байгаль хамгаалахад зарцуулах санхүүжилтийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-05-31 09:57:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” (БИОФИН) төслийн хэлэлцүүлэг уулзалт "Новотел" зочид буудалд боллоо.

Төслийн уулзалтыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц. Батбаяр хэлэхдээ, “Төслийн хүрээнд хийсэн судалгаа шинжилгээ, байгаль хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг босгох нөөц боломжийг дайчлах арга зам, шийдлүүдийг тодорхойлж байгаа”-г тэмдэглэв.

Тэрээр, “2030 онд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд мөн шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох энэхүү уулзалт хэлэлцүүлэг нь Байгалийн олон янз байдлын тухай конвенцийг хэрэгжүүлэх Үндэсний зургаа дахь тайланг бэлтгэж буй үед болж буй”-г онцоллоо. Төслийн хүрээнд хийсэн судалгаагаар манай оронд байгаль хамгаалал, байгалийн нөөцийг нөхөн сэргээх үйл ажиллагааны нийт зардлын 50.1 хувийг улсын болон орон нутгийн төсөв үлдсэн 49.9 хувийг олон улсын байгууллагуудын тусламж эзлэж байна.




Хэлэлцүүлгийн үеэр БИОФИН төслийн үндэсний зөвлөх багийнхан байгаль хамгаалах бодлого, институтын өнөөгийн нөхцөл байдал болон шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлсон үр дүнгээ танилцуулав. Мөн үндэсний хэмжээнд санхүүжилтийн хэрэгцээг хангах буюу нөөц боломжийг дайчлах хамгийн тохиромжтой тогтвортой шийдлүүдийг санал болгов.

Үүний нэг нь иргэдийн үүсгэл санаачлагад үндэслэсэн олон нийтийн оролцоог хангах явдал гэдгийг онцолж байв. Хэлэлцүүлэгт НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон төрийн болон ТББ-ууд, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, орон нутаг, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Тодруулга: БИОФИН төслийг анх 2012 оны аравдугаар сард “Биологийн олон янз байдлын конвенц”-ийн талуудын хурлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан эхлүүлсэн бөгөөд одоо Ази, Латин Америк, Африкийн 30 гаруй оронд хэрэгжүүлж байна. Манай улсад 2015 оны есдүгээр сард БОАЖЯ-ны санаачилга, дэмжлэгтэйгээр албан ёсоор эхлүүлсэн юм. 

Холбоотой мэдээ