Монгол, Финландын баг сэргээгдэх эрчим хүчний нөөц, ашиглалтыг хамтран судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-30 13:38:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын төвийн бүсэд 100 МВт-ын хүчин чадалтай цахилгаан цэнэг хуримтлуулах станц байгуулж буй талаар ЭХЯ-наас мэдээлж байна.

Энэ талаар өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон “Ухаалаг эрчим хүч” чуулганы үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны есдүгээр сард эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан”-ыг дуулгаад, дээрх хөтөлбөрт ойрын хугацаанд буюу 2021 он хүртэл манай улсад эрчим хүчний тодорхой шинэ эх үүсвэрүүдийг бий болгохоор тусгасныг онцолж байв. Энд нар, салхи, ус гээд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд багтаж буйг тэмдэглэж байв.


Мөн цахилгаан хуримтлуулах зэрэг шинэ технологийг нэвтрүүлж эхэлж байна. Чухам энэ сэдвээр өнөөдрийн чуулганыг “Ухаалаг эрчим хүч” гэж нэрлэн сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийг нэвтрүүлж буй Финланд улсын туршлагаас сонслоо. Энэ талаар манай улсад ирээд буй Финланд улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ярно Сиржалагаас тодрууллаа.

-Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн одоогийн байдал, цаашдын чиг хандлагын талаар та санал бодлоо хуваалцана уу?

-Чухам энэ талаар санал бодлоо солилцохоор би Бээжингээс ирээд байна. Дэлхийн эрчим хүчний чиг хандлага сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системтэй уялдуулахад чиглэж байна. Тодруулж хэлбэл, одоогийн эрчим хүчний системийн загварыг ирээдүйн эрчим хүчний системтэй буюу сэргээгдэх эрчим хүчийг нэгдсэн системд нийлүүлэн тохируулах үйл явц явагдаж байна. Энэ талаар манай улсын төлөөлөгч Кари Пуннонин, БНХАУ-ын төлөөлөгч Чиу Чуипин нар өнөөдөр илтгэл тавьж байна.


-Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломж ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Юуны өмнө, Монгол Улсад нарны болон салхины эрчим хүчний үйлдвэрлэл зүй ёсоор хөгжиж эхэлж буйд таатай байна. Угаасаа Монгол орон өдрийн нарны илч ихтэй, мөн салхитай байдаг учир танай оронд нар, салхины эрчим хүчийг нэвтрүүлэх нь их боломжийн шийдэл. Гэхдээ үүгээр зогсохгүй, Монголд сэргээгдэх эрчим хүчний өөр ямар эх үүсвэр, боломж байна гэдэг талаар бид хамтарсан ажлын хэсэг байгуулан судалж байна. Энэ зорилгоор би Бээжингээс ирлээ.

Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийн нарийвчилсан судалгааг би одоогоор хараагүй байна. Тиймээс бид энэ талаар нарийвчлан судална. Үүн дээрээ үндэслэн нарийн тооцоо, тоог гарган, сэргээгдэх эрчим хүчийг аль чиглэлээр цааш хөгжүүлэх нь Монгол Улсад илүү ашиг, үр дүн өгөөжтэй байхыг тогтооно. Энд бидний туршлага хэрэг болно гэж найдаж байна. Бас олон улсын чиг хандлага ч чухал юм.

             Б.Болд    

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ