Хадгаламж зээлийн хоршооны удирдлагуудыг суллаж иргэдийг хохиролгүй болгохыг шаардана

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2015-09-18 15:28:03

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан өнөөдөр “Хохирогчдын холбоо”-ноос мэдээлэл хийлээ.

Өршөөл үзүүлэх тухай хууль нийгэмд хүлээлт үүсгэж байгаа тул нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй хэмээн тус холбооноос мэдээллээ.

Холбооны тэргүүн Х.Оюунцэцэг, “Дампуурсан олон хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд ял эдэлж байгаа. Энэ хүмүүс хорих ангид ороод хохирогчдын мөнгийг төлөх боломжгүй болсон. Тэдний бүх эд хөрөнгийг цагдаа, шүүх, ШШГЕГ битүүмжилсэн. Тиймээс хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулсан хүмүүс хохирч байгаа тул эдгээр хүмүүсийг Өршөөлийн хуульд хамруулж суллахыг шаардаж байна. Суллагдсан хүмүүсийг хил давах бүх боломжийг нь хааж, хохирогчдын мөнгийн төлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг  хангах нь зөв. Үүнд нь холбогдох байгууллагууд хяналт тавих хэрэгтэй. Ингэснээр иргэдийн хохирлыг барагдуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдөр энэхүү шаардлагыг Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт хүргүүлэх болно” гэлээ.

Ч.Ариунболд 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд