УБТЗ-ын төлсөн онцгой албан татварыг чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-24 18:23:19
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн барьсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. 


Төслүүд батлагдсанаар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулсан дизель түлшинд 1998-2015 онд төлсөн 78 тэрбум гаруй төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлж, илүү төлсөн татвараар бүртгэнэ. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн ажлыг нь дэмжих нөхцөл бүрдэх юм байна. 


Дээрх хууль, тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо чуулганы дундуур хуралдаж, хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүд 100 хувиар дэмжсэн байна. Энэ талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы хуралдаанд танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тайлбар авах гишүүн байсангүй. Ингээд санал хураахад, гишүүдийн олонх хууль, тогтоолын төслийг дэмжиж, батлав.


Чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хавсарган өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг уг төслөөр завсарлага авсан. Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалаа.

Холбоотой мэдээ