Монгол, Тайвань, Солонгосын ротари клуб хамтран ус цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-22 14:22:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Тайвань 3522" бүсийн ротари клубийн сангийн тэргүүн Ван Чэн Си ноён /PDG Horace/, "Тайпэй Дун Фан" ротари клубийн тэргүүн Лю Шиао Мэй /President Cora/ тэргүүтэй төлөөлөгч Монголд 6 хоногийн хугацаатай зочилж байна.


Төлөөлөгчид энэ хугацаанд “Ulaanbaatar Peace Avenue” ротари клубтэй хамтран ажиллах юм.

Тайвань 3522 бүсийн ротари клубийн сангийн тэргүүн Ван Чэн Си хэлэхдээ, “Тайвань, Монголын ротари клуб олон жилийн турш хамтран ажиллаж байна.  Өмнө нь Тайпэй хотын Сун Рэн ротари клуб нь Улаанбаатар ротари клубтэй 2016 оноос эхлэн 3 жилийн хугацаатай нүдний харааг хамгаалах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд эмч мэргэжилтнийг сургалтад хамруулж, нийгмийн зорилтот бүлгийн харааны чадварыг нөхөн сэргээх сургалтыг зохион байгуулсан. Мөн ЭМШУИС-д “Сул харааны оношилгооны төв”-ийг байгуулсан. Энэ удаад Тайпэй Дун Фан ротари клуб болон “Ulaanbaatar Peace Avenue” ротари клуб хамтран гүний ус ашигладаг аймгуудад ус цэвэршүүлэх төслийг хэрэгжүүлэн, ард иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулахаар зорьж байна” гэв.

Тайпэй Дун Фан ротари клубийн захирал Лю Шиао Мэй хэлсэн үгэндээ, “Монгол оронд хэрэгжүүлж байгаа ус цэвэршүүлэх төсөл нь Олон улсын ротари клубээс санхүүгийн дэмжлэг үзүүлдэг 6 томоохон асуудлын нэг бөгөөд энэ удаагийн ус цэвэршүүлэх төслийн ажлыг ротари клубийн тэргүүний ажлаа авахаас өмнө төлөвлөж эхэлсэн. Эдүгээ Тайвань, Монгол, Солонгосын нийт 14 ротари клубээс хандив дэмжлэгийг хүлээн авсан. Мөн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар дэмжин ажиллаж байна. Ротари клубийн хамтын ажиллагааны үр дүнд монголчуудад цэвэр, аюулгүй ус ашиглах боломж бүрдэх юм. Ротари клуб нь “Making a difference” хэмээх үзэл санааг баримтлан үйл ажиллагаа явуулдгаас гадна энэ оны ротари клубийн онцлох сэдэв болох “Be the inspiration” агуулгын хүрээнд даян дэлхийн хүн зоны сайн сайхны төлөөх үйл хэргийг үргэлжүүлэх болно” гэлээ.

Холбоотой мэдээ