Ц.Мөнх-Эрдэнэ: Их сургуулийн тэтгэлэгт хамрагдахын тулд загваруудаа сайн хийхийг хичээдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Электроник, IT-ийн чиглэлээр суралцах хүсэл, эрмэлзэлтэй Баян-Өндөр сумын VIII сургуулийн 12а ангийн сурагч Ц.Мөнх-Эрдэнэтэй товч ярилцлаа. Тэрээр “Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн үеэр өөрийн бүтээлээ танилцуулсан юм.
-Өөрийн чинь бүтээлүүд үзэгчдийн
нүдийг ихэд хужирлаж байна. Зохион бүтээх их үйлсэд тань амжилт хүсье. Олны сонирхлыг татаад байгаа УАЗ 469
загвараа танилцуулаач?
-Баярлалаа. Би өмнө нь “Хобби төв” клубд сурдаг байсан. Манай сургуулийн технологийн багш н.Ширнэнгийн удирдлаган дор олон бүтээл хийж аймгийн болон улсын олимпиадад оролцсон. Энэ машиныг төмөр листээр хийсэн. Хүйтэн гагнуураар гагнадаг. Аймгийн техник, технологийн олимпиадад оролцох зорилгоор хийж түрүүлсэн бүтээл юм. Масштабын хэмжээг нь олимпиад зохион байгуулагчдаас өгдөг. Уг даалгаврын дагуу хийж гүйцэтгээд түрүүлсэн.
-Загварынхаа түүхий эд,
материалыг хаанаас авдаг вэ?
-Төмөр бусад зүйлээ Улаанбаатар хотоос авдаг. Заримдаа дээврийн төмрөөр
хийдэг. Би өөрөө модель хийх дуртай болохоор түүхий эдээ хаанаас л бол хаанаас
олдог. /инээв/ Манай хотод “Эрдэнэт үйлдвэр” байдаг болохоор зэс, гуулийн одоц
их. Машиныхаа их биеийг төмрөөр хийж, явах эд ангийг гууль, зэсээр хийдэг. Миний
машин удирдлагатай. Машин яаж хөдөлдөг вэ тэгж л хөдөлнө. Явалтын хугацаагаараа
оноо бас авдаг байгаа.
-Өмнө нь ямар, ямар тэмцээнд
оролцож байв?
-Аймгийн олимпиадад зургаан удаа оролцсон. 2013 онд нисэх загвараар орж 4
дүгээр байр, 2014 онд автын төрөлд Камаз машин хийж 2 дугаар байр, 2015 онд мөн
автын загвараар орж 2 дугаар байрт орж улсын олимпиадад оролцсон. Машин маань
явалтаараа рекорд эвдэж нийт дүнгээр улсад 6 дугаар байр эзэлсэн. Өнгөрсөн онд
УАЗ 469 моделиар орсон.
-Цаашдын төлөвлөгөө?
-Электроникийн чиглэлээр сурах хүсэлтэй байгаа. Иймд аймгийн болон улсын
олимпиадад оролцож тэтгэлэгт хамрагдах зорилт дэвшүүлсэн.
-Баярлалаа.
М.Чингүүн: IT чиглэлээр сурахаар өөрийгөө бэлдэж байгаа
Ц.Мөнх-Эрдэнэтэй хамт өөрийн бүтээлээ танилцуулж байсан М.Чингүүн мөн лего робот, байлдааны завь зэрэг олон модель хийжээ. Тэрээр энэ жил аймгийн техникийн олимпиадад байлдааны усан завиар оролцсон байна. Өмнө нь багаараа лего роботоор улсын олимпиадад оролцож тавдугаар байрт орсон аж. Сурагчдын бүтээлийг сургууль нь авч үлддэг байна. М.Чингүүн хэлэхдээ, цаашид IT мэргэжлээр сурах хүсэлтэй бөгөөд өдөрт 1-2 цаг энэ чиглэлээр уншиж судлан мэдлэгээ дээшлүүлдэг гэлээ.