Хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлтийг цаг алдалгүй боломж болгон ашиглая

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-05-21 14:38:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Новотел” зочид буудалд өнөөдөр “Ирээдүйн хөдөлмөр” үндэсний гурван талт хэлэлцүүлэг өнөөдөр “Новотел” зочид буудалд болж, хөдөлмөрийн ирээдүйн Дэлхийн комисс /ДК/-ын илтгэл болон Зууны төслийн талаар танилцуулав.


Хүн төрөлхтөний хөдөлмөр эрхлэлтийн ертөнцийг өнөөгийн хөгжлийн шинэ хүч өөрчилж байна. Тухайлбал: Технологийн дэвшил, байгаль цаг уурын өөрчлөлт, хүн ам зүйн өөрчлөлт, даяаршил өрнөж байна. Энэ бүх өөрчлөлтөөс болж шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага тулгарч байгаа бөгөөд уг өөрчлөлтийг цаг алдалгүй боломж болгон ашиглах хэрэгтэй байна.


ДК нь хөдөлмөрийн ирээдүйн асуудлыг гүн гүнзгий судлаад, бүх нийтэд тогтвортой, зохистой хөдөлмөр эрхлэх боломж олгох ирээдүйн ажил, хөдөлмөрийн ертөнцийг цогцлоох шаардлагатай арга хэмжээг “Дэлхийн комиссын тайлан”-даа тусгажээ. Уг тайландаа эдийн засаг, нийгмийн бодлого, бизнес үйл ажиллагааны төвд “Хүн”, түүний хөдөлмөрийг онцлох замаар нийгмийн хэм хэмжээг шинэчлэн бэхжүүлж, “Хөдөлмөрийн ирээдүйн хүн төвтэй хөтөлбөр” хэрэгжүүлэхийг уриалж байна.  


Энэхүү хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье-Мюлдэр, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар тэргүүтэй албаныхан болон мэргэжилтэн, багш, менежер, судлаачид оролцлоо.  


“Хөдөлмөрийн ирээдүйн хүн төвтэй хөтөлбөр” нь хүний чадавхыг хөгжүүлэх болон хөдөлмөрийн институтын хөрөнгө оруулалтыг нэмэх, зохистой, тогтвортой ажил хөдөлмөрт хөрөнгө оруулах гэсэн үйл ажиллагааны гурван зорилтын хүрээнд хэрэгжих аж.


Тус хэлэлцүүлгийн үеэр ОУХБ-ын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Клэйр Куртье-Мюлдэртэй уулзаж ирээдүй ажил хөдөлмөрийн өөрчлөлтийн талаар тодруулсан юм.


Тэрбээр: “Өнөөдөр ажил, хөдөлмөр өөрчлөгдөх олон гол хүчин зүйл байна. Тухайлбал, дэлхий нийтээрээ хүний нас уртасч байгаа нь хөдөлмөр өөрчлөлтийн нэг шалтгаан болж байна. Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаа. Хиймэл оюун ухаан гэх мэт янз бүрийн шинэ шинэ технологийн өөрчлөлт гарч байна. Мөн шинэ төрлийн ажлууд бий болж байгаа бөгөөд энэ олон хүчин зүйлээс хамаарч бидний хэвшмэл болсон 9-18 цагт ажил эрхэлдэг хэв маягт өөрчлөлт орох боллоо. Өнөөдөр хүмүүс интернэтээр дамжуулаад хил хязгаар, цаг хугацаанаас үл хамаарсан ажил, хөдөлмөр хийх болжээ. Тухайн ажлын байр нь нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан, хүний эрхийг  мөн аппликейшнээр дамжуулаад тодорхой цаг хугацааг сонгож, ажил олж эрхэлдэг өргөн сонголттой болсон байна. Энэ бүх өөрчлөлт нь нэг талаасаа шинэ ажлын байр бий болгохын зэрэгцээ одоогийн ажлын байрыг алга болгоод цоо шинэ ажлыг бий болгох ч нөгөө талдаа уг ажил нь чанартай ажил мөн үү, биш үү? Хүний эрхийг хамгаалж чадаж байгаа эсэхийг нь онцлон анхаарах ёстой. Ийм учраас ирээдүйд хүн болгоны хөдөлмөр эрхлэлтийн асуудалд юу хийх ёстой гэдгийг тодорхойлох шаардлага зайлшгүй тулгарч байна. ДК нь ӨАБНУ-ын ерөнхийлөгч болон Шведийн ерөнхий сайдаар ахлуулсан бие даасан 25 гишүүн бүхий нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хүмүүс өөр өөр мэргэжил, чиглэлээр ажилладаг. Тус комиссын тайланд хөдөлмөрийн ертөнцөд одоо байгаа болон ирээдүйд ирж болох тулгарч буй бэрхшээл, боломж энэ бүхнийг хараад 10 зөвлөмж гаргаж өгсөн. Уг зөвлөмжийг энэ оны зургадугаар сард Женевт болох Олон улсын хөдөлмөрийн бага хурлаар авч хэлэлцээд, ОУХБ-ын “Зууны тунхаг” хэмээх баримт бичиг гаргах юм. Энэ тунхаг нь ОУХБ-ын үйл ажиллагааг дараагийн зуунд хөтлөх чухал баримт бичиг болно гэдгээрээ онцлогтой” гэв.

 

Холбоотой мэдээ