Спортын бага наадамд 17 аймгийн баг тамирчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-21 11:00:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгуудын Эрүүл мэндийн газрын албан хаагчдын Спортын бага наадам өнөөдөр Баянхонгор хотноо, Баганат талбайд нээлтээ хийлээ. 

17 аймгийн ЭМГ-ын алба хаагчид оролцож байгаа тус наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож, эх орны өнцөг булан бүрт эрүүл мэндийн салбарт нэгэн сэтгэлээр ажиллаж буй эрхэм үйлстнүүддээ спортын болон ажлын өндөр амжилт хүсэв. Мөн тэрээр, аймгуудын эрүүл мэндийн салбарынхан ажил мэргэжлийн хувьд харилцан туршлага солилцож, цаашид ажил албандаа хэрэгжүүлэх олон чухал мэдлэг мэдээллийг хуримтлуулахыг хүссэн юм. 

Аймгуудаас ирсэн баг тамирчид сайн дурын аян өрнүүлж, галын түймрийн аюулд орон гэрээ алдсан Баянговь сумын иргэн Д.Сүхдоржийн гэр бүлд иж бүрэн дөрвөн ханатай өргөө гэр бэлэглэснээ энэ өдөр гардуулав.
Спортын бага наадам дөрөв хоногийн турш үргэлжлэх бөгөөд 250 гаруй тамирчин спортын дөрвөн төрлөөр /гар бөмбөг, шатар, теннис гэх мэт/ авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх юм байна.
Дашрамд, Баянхонгор аймгийн хувьд эрүүл мэндийн салбартаа сүүлийн жилүүдэд олон бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Өнгөрсөн онд 50 ортой Хүүхдийн эмнэлэг болон хоёр сумын Эрүүл мэндийн төвийг шинээр байгуулсан бол энэ онд гурван сумын Эрүүл мэндийн төв ашиглалтад орж, Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн барилгыг шинээр барих юм.
Мөн ажлын үзүүлэлтийн хувьд ч ахиц гарган сүүлийн хоёр жил эхийн эндэгдлийг тэг болгож, нярайн эндэгдлийг хоёр дахин бууруулсан амжилттай ажиллажээ.
Холбоотой мэдээ