Хүүхдэд зориулсан үзэсгэлэн худалдаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-17 11:07:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 25, 26-нд зохион байгуулна.


Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн юм.

Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллаж байна.

Энэ үеэр Хүүхдэд зориулсан үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэн, Хүүхдүүдийг анги, хамт олноор нь үзэсгэлэн худалдаатай танилцуулах, “Хүүхдийн хоол, хүнс” өдөрлөг, Хүүхдийн зуслангийн өдөрлөг, Хүүхдийн гутал, хувцас, цүнхний загварын үзүүлбэр, Хүүхдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн “Хэрэглэгчийн булан”, Мэргэжлийн хяналтын явуулын лабораторийн үйлчилгээ, Хүүхдэд зориулсан зөв хооллолт, дасгал хөдөлгөөний мэдээллийн булан, “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” сэдэвт хэлэлцүүлэг, Хүүхдийг хүнс, хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

Холбоотой мэдээ