Архидан согтуурахтай тэмцэх ажлын төлөвлөгөө 40 хувьтай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр өнөөдрийн байдлаар 40,2 хувьтай хэрэгжиж байна. 2014-2017 онд хэрэгжиж дууссан тус хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 16 дугаар тогтоолоор 2018-2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр сунгасан бөгөөд аймгийн Хуульзүйн хэлтсээс 7 чиглэлд 58 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2018 оны эхний 4 сард 37 бүртгэгдэж байсан бол 2019 оны 4 сард 27 бүртгэгдэж, 27 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өнгөрсөн оны эхний 4 сард 617 бүртгэгдэж байсан бол 2019 оны эхний 4 сард 617 бүртгэгдэж, 16.3 хувиар өсжээ. Архи, согтууруулах ундаатай холбоотойгоор хүүхэд оролцсон гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. БОЭТ-ийн Сэтгэц, наркологийн тасагт архинд донтох эмгэгтэй 35 иргэнийг хэвтүүлж, хордлого тайлах болон сэтгэл заслын эмчилгээг хийжээ.
Цаашид архидалтын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил, баг, сум, байгууллага, иргэнийг шалгаруулан шагнаж урамшуулах, архинаас гарсан иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, Сэтгэц, наркологийн тасгийг нийгмийн ажилтан, сэтгэлзүйчийн орон тоогоор хангах шаардлагатай байгаа аж. Мөн “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх сан”-д архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан ашгийн тодорхой хувийг төвлөрүүлэх юм.