“Монгол Улсын зоос, мөнгөн тэмдэгт” үзэсгэлэнг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-15 23:20:09

Төв  /МОНЦАМЭ/. Музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгад түшиглэн “Монгол Улсын зоос, мөнгөн  тэмдэгт” үзэсгэлэнг өнөөдөр Төв аймгийн музейд нээлээ. 

Аймгийн музейгээс Олон Улсын музейн өдөр, Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан тус арга хэмжээг Монголын зоос судлалын холбоо, Түүх археологийн хүрээлэнгийн С.Бадамхатаны нэрэмжит угсаатны судлалын салбар, Төрийн банкны Төв аймаг дахь салбар, Хаан банкны Төв аймаг дахь салбар, Хас банкны Төв аймаг дахь салбар болон Зоос судлалын холбооны гишүүн, Ч.Оргил нартай хамтран зохион байгуулж байгаа ажээ. 

Нээлтийн арга хэмжээний туузыг аймгийн Музейн дарга Б.Сүхбаатар, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт, Монголын Зоос судлалын холбооны гишүүн Ч.Оргил нар хайчиллаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд Төрийн банкны Төв аймаг дахь салбарын захирал С.Баярмаа, Хаан банкны Төв аймаг дахь салбарын захирал Н.Золбаяр, Б.Пүрэвсүрэн, Хас банкны Төв аймаг дахь салбарын захирал С.НямхүүЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, Аймгийн БСУГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтогтох болон төрийн албан хаагчид, иргэд оролцсон байна. 

Олон Улсын музейн өдөр энэ сарын 18-нд болох юм. 

Тус үзэсгэлэнд Зоос судлалын холбооны гишүүн Ч.Оргилын зоосон мөнгө болон мөнгөн тэмдэгтийн цуглуулга мөн музейн санд хадгалагдаж буй мөнгөн тэмдэгт, зоосон мөнгөний дээжээс дэлгэн үзүүлж байгаа аж.

Үзэсгэлэн энэ оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг гаргаж байжээ. 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" хэмээх байгууллагыг байгуулан ажиллуулж байсан байна.

1241 онд "Их Монгол Улсын мөнгө" нэртэй зоосыг анх удаа "Нэг" гэсэн тоотой гаргаж байжээ. Хувилай хааны үед 1260 онд Монголын Эзэнт Гүрний нийслэл Хар хорумд  "Мөнгө тушаах банк" байгуулж, улмаар аравт, хорьт, зуут, мянгатын дэвсгэрт бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулсан түүхтэй.

1282 онд Олон Улсын худалдааны төв газруудад "Тэгшитгэх банк" нэртэй салбаруудыг байгуулан ажиллуулж байжээ. Монголын Эзэнт Гүрний хаанчлалын үед алт мөнгөн болон металл зоос, цаасан тэмдэгтүүдийг гүйлгээнд гарган хэрэглэж байсан байна.

1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын III их хурлаар Монгол банкны үйл ажиллагааны тухай хэлэлцээд, "цагаан мөнгөн баталгаа бүхий мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах нь зүйтэй" гэж онцлон заасан байна. БНМАУ-ын анхдугаар хурлын тогтоолд гадаадын мөнгө хэрэглэх нь улс орны эдийн засагт ихээхэн хор хохиролтой болохыг тэмдэглээд үндэсний мөнгөн тэмдэгт буй болгох нь чухал гэж заажээ. Монгол Ардын Засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргасан байна.

1925 оны 12 дугаар сарын 9-нд анх 200, 100 төгрөгийг гүйлгээнд оруулсан түүхтэй ажээ. Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцтой 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж "Төгрөг" гэж нэрлэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгт гаргажээ. 

1925 онд гаргасан зоосон мөнгөний 10, 15, 20, 50-тын зоос, 1937 онд 10, 15, 20-тын зоосыг цэвэр цагаан мөнгөөр цутгаж гүйлгээнд оруулсан байна. 1959 онд хөнгөн цагаанаар 1, 2, 5-тыг голдоо нүхтэй зоос гаргажээ. Одоо 1970 онд гаргасан зоосон мөнгө юм уу энэ хэлбэр хэмжээгээр түүнээс хойш үйлдвэрлэсэн зоосон мөнгөнүүдийг гүйлгээнд хэрэглэж, 1970 оноос өмнө үйлдвэрлэж гаргасан зоос гүйлгээнээс хасагджээ.

1970 оноос хойш нэг төгрөгийн зоосон мөнгийг Маркс, Сүхбаатарын хөрөг, Соёмбо, сансрын бэлгэ тэмдэг зэрэг 8 төрлийн зураг дүрстэйгээр хэвлэж гаргажээ.

БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор нэг төгрөгийн цагаан өнгөтэй зоосон мөнгө, Улсын банк байгуулсаны 50 жилийн ойгоор 10 төгрөгийн зоосон мөнгийг цөөн тоогоор үйлдвэрлэжээ. 

2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргасан байна. 1925 онд үүсэн бий болж гүйлгээнд гарсан үндэсний валют төгрөг нь өнөөг хүртэл Монголын эдийн засгийн хөгжилд манай орны байгууллага, иргэдийн амьдралд санхүү, мөнгө зээлийн системийг амжилттай хөгжихөд чухал нөлөөтэй  хэрэгсэл билээ.

Холбоотой мэдээ