Түүхий нүүрсээс татгалзаж, сайжруулсан түлш хэрэглэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын
талбайд өнөөдөр түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг боллоо.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өдөрлөгийг нээж хэлэхдээ, “Бид түүхий нүүрс хэрэглэхийг зогсооход иргэдийн оролцоо чухал болохыг уриалж байна. Дэлхийн олон оронд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосон. Ингэснээр агаарын бохирдлын түвшин эрс багасаж, хүн амын дундах өвчлөл ч буурдаг. Тиймээс манай улсад ч гэсэн түүхий нүүрсийг хориглож буй нь зөв шийдэл юм. Засгийн газрын шийдвэрийг эрүүл мэндийн салбарынхан анхлан дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэн түүхий нүүрсний хэрэглээг хориглох, үүнээс гарах сөрөг үр дагаврын талаар өнөөдөр ард иргэдэд мэдээлэл өгч, нүүрснээс татгалзаж, сайжруулсан шахмал түлшээ хэрэглэхийг уриалж байна” гэсэн юм.
Өдөрлөгөөр түүхий
нүүрс хэрэглэх нь хүний
эрүүл мэндэд их хор уршиг үзүүлдэг талаар олон нийтэд мэдээлэл өгч, түүхий
нүүрсний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөний талаарх олон улсын болон
дотоодын эрдэмтэд, судлаачдын гаргасан тайлан илтгэлийг танилцуулж, иргэн бүр
хариуцлагатай хандаж, сайжруулсан шахмал түлш хэрэглээний талаар сурталчлан таниулж байв. Сайжруулсан шахмал түлш гэдэг нь шаталтыг дэмжих бодисыг
нэмж бэхжүүлэн, хэлбэржүүлж шахсан нүүрсийг хэлдэг байна. Иргэд цэвэр түлш
хэрэглэснээр
- бага түлш зарцуулж, 2
дахин их дулаан ялгаруулна
- Орчны бохирдол утааг
бууруулна
- Гэр бүлийн амьжиргаа,
амьдралыг сайжруулна
- Эрүүл мэндийн тусламж,
үйлчилгээнд төлөх зардал багасна
- Эрүүл орчныг ирээдүйдээ
өвлүүлж чадна гэсэн сурталчилгааг тарааж байв.
Өдөрлөгийн үеэр “Тавантолгой
түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Өнөөдрийн байдлаар танайх хэдий хэмжээний шахмал түлш
үйлдвэрлээд байна. Нийт хэдэн тонныг үйлдвэрлэх ёстой юм бэ?
-Одоо 60 мянган тонныг
гаргаад байна. Нийслэлийнхний нийт хэрэглээ өвөл 600 мянган тонн байдаг. Он
дуустал хэрэглэх нь 450 мянган тонн түлш гэж тооцож байгаа. Бид есдүгээр сарын сүүл
гэхэд нөөцлөх түлшээ бүгдийг үйлдвэрлэж дуусна. Үйлдвэр 24 цаг ажиллаж байгаа. Засгийн
газраас өгсөн чиглэлийн дагуу түүхий нүүрсийг орлуулах, илчлэг сайтай, удаан шатдаг шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрт
боловсруулж, жигнэх аргаар хорт бодисуудыг багасгаж байгаа. Бүх төрлийн зууханд
хэрэглэж болно.
-Айл өрх, иргэдэд яаж түгээж нийлүүлэх вэ?
-Одоогоор, нийслэлд 500 гаруй цэг байна. Улаанбаатар хотын захиргаатай хамтран мөн 107 байршилд борлуулалтын цэг байгуулна. Нийтдээ мянгаад цэгээр дамжуулан борлуулна гэв.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр