Монгол хүнээ хөгжүүлж байж хөгжилд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-14 17:28:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Түмний 76 үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр “Новотел” зочид буудалд “Үндэсний хөгжлийн загвар” хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эрдэмтэд, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулагчийн нэг, эдийн засагч Б.Найдалмаа тавьсан илтгэлдээ үндэсний хөгжлийн загварыг хувь хүнээс эхлэх учиртайг онцолж байв. Тодруулбал, монгол хүнээ хөгжүүлж байж хөгжилд хүрэхээс бус хүн очихгүй газар зам, гүүр бариад хөгжлийг “цогцлоохгүй” хэмээн тайлбарлаж байв.


“Өнөөдөр монголчууд бидэнд орлого, ажлын байртай болох, болгох нь чухал болохоос өнөөдрийн болон маргааш өгөх зээл биш юм. Бид өнөөдөр хөгжлөө нэг суманд гүүр барьснаар жуулчид тийшээ олноор очиж, аялал жуулчлал хөгжинө гэж яриад, бүр хийж байна. Гэтэл ингэснээр орон нутгийн иргэдийн орлого өсөхгүй байвал яах вэ гэдгийг бодох ёстой. Тиймээс тэнд зам, гүүр барихаас илүү ЖДҮ-ийг хөгжүүлж, үйлчилгээг бий болгож хүмүүсээ хөгжүүлж ажлын байр, амьжиргаа, ашиг орлого бий болгох чухал байна. Энд л зээл өгч хөгжүүлэх нь чухал” гэдгийг хэлж байв.


“Түмний 76 үндэсний хөдөлгөөн”-ийг “Эх орон-хөгжил дэвшил”, “Үндэсний хөгжлийн санаачлага”, “Ирээдүйн хот” зэрэг хөгжлийн төлөөх ТББ-ууд үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд “Намын төр үү, түмний төр үү?”, “5А” буюу ажилгүйдэл, авлига, автозамын түгжрэл, агаарын бохирдол, архидалт гэсэн ерөнхий сэдвээр “Авлига-ажилгүйдэл” хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ