Өмнөд Солонгос, Монгол эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-25 17:28:35

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгос болон Монгол хоорондын эдийн засаг, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хоёр тал тохиролцлоо гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн хоёрдугаар дэд сайд Чо Тэ-юл, Монголын Зам, тээврийн сайд М.Зоригт нар өчигдөр Сөүл хотноо уулзаж, эрчим хүч, тээвэр, байгалийн баялгийн салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон гэж мэдэгдэлд дурджээ.

Өмнөд Солонгос-Монголын хамтарсан хорооны хоёрдугаар уулзалтад хоёр улсын Засгийн газрын байгууллагууд, тухайлбал, Гадаад хэрэг, Тээвэр, Сангийн яамны албаны хүмүүс оролцсон байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойгоо тохиолдуулан 2015 оны гуравдугаар сард Монголын нийслэл Улаанбаатар хотод хамтарсан хороо байгуулжээ.

Монголд дулааны цахилгаан станц барих болон бусад төсөлд оролцож байгаа Өмнөд Солонгосын компаниудад тулгарсан асуудалд дэмжлэг үзүүлэхийг Чо Тэ-юл М.Зоригтоос хүссэн гэж яам мэдэгдсэн байна. Харин М.Зоригт, уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахаа мэдэгджээ.

Үүнээс гадна тэрбээр, Монголын дулааны системийг сайжруулж, автобусуудыг шинэчлэх зэрэг хөгжлийн төсөлд оролцохыг Өмнөд Солонгосоос хүссэн байна. Харин Чо Тэ-юл, Өмнөд Солонгосын хөгжлийн албаны ёсны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих хэлэлцээр байгуулах санал дэвшүүлжээ.

Мөн НҮБ-ын Умард Солонгост авсан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг Монголоос тэрбээр уриалсан байна.

Харин М.Зоригт, энэ оны эхээр цөмийн болон алсын тусгалтай пуужингийн туршилтыг Умард Солонгос хийсэнд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын хориг арга хэмжээний тогтоолыг Монголын Засгийн газар дагаж мөрдөхөд бэлэн буйг нотолжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ