Бийрийн бичвэрийн анхны үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-05 16:32:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4-р сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Р.Алтанхүүгийн “Босоо заяатай Монголын минь-Босго өндөртэй бичиг минь” нэртэй бийрийн бичвэрийн үзэсгэлэнгээр Сэлэнгэ аймаг "Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Р.Алтанхүү багш шавь нарынхаа хамтаар гаргасан энэхүү “Бийрийн бичвэр”-ийн үзэсгэлэн нь Сэлэнгэдээ анхдагч төдийгүй багшийн хувьд түүний анхны бүтээл ажээ. Үзэсгэлэн ирэх 6-ны өдөр хүртэл гарна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилго дор болдог энэхүү уламжлалт баяр нь зөвхөн бичиг үсгийн бус бүх нийтийн үндэсний хэмжээний өргөн агуулгатай баяр болон өргөжиж буйг энэхүү үзэсгэлэнгийн бүтээл харууллаа гэж зохион байгуулагчид онцоллоо.

Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын лаборатори 4-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Амина, Г.Номин-Эрдэнэ нарын багштайгаа хамтран гаргасан энэхүү үзэсгэлэн нь бийрийн бичвэрийн урлагийг харуулахын зэрэгцээ, уран бичлэг, уран зургийн гайхамшгийг босоо монгол бичгийнхээ яруу сайхнаар дүрслэн үзүүлсэнээрээ онцлог болжээ.

Уг үзэсгэлэнд аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, сумын ИТХ-ын төлөөлөгч О.Баатарцогт, аймгийн БСУГ-ын А.Алтантуяа, улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн захирал Н.Энхтөр, Сүхбаатар сумын ЕБС-ийн багш нар, монгол хэл, бичгийн багш нарын төлөөлөл, анд нөхөд, гэр бүлийнхэн нь оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Бүтээлч багш Р.Алтанхүүгийн хувьд цаашид улам ихийг сэтгэн бүтээж, улсдаа энэхүү үзэсгэлэнгээ гаргах хүртлээ өөрийгөө дайчлан ажиллана хэмээн хэллээ.

 

Холбоотой мэдээ