Японы шинэ эзэн хаан анх удаа олны өмнө гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-04 12:19:24

ТОКИО. /Кyodo/. Тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарүхито бямба гарагт анх удаа олны өмнө гарсан байна. Тэрбээр эзэн хааны ордны тагтан дээр гарч баяр хүргэхээр ирсэн хүмүүстэй мэндчилжээ. Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээлснээр, Нарүхито өдрийн туршид зургаан удаа олны өмнө гарах аж.


“Хаан ширээнд заларсанд баяр хүргэж буй та бүхэнд би гүнээ талархаж байна. Та бүхэн эрүүл энх, аз жаргалтай байхын төлөө би залбирна. Мөн манай орон бусад улсын хамт энх тайвны төлөө тэмцэж, илүү их хөгжил цэцэглэлд хүрэхийн төлөө залбирна” гэж Японы эзэн хаан цугласан олонд хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.


Эзэн хааны ордны бүсэд өглөөнөөс эхлэн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан байна. Эзэн хаан болон хааны гэр бүлийн гишүүдтэй мэндчлэхээр мянга орчим хүн цуглажээ. Эзэн хааны суудлаас буусан Акихито болон түүний гэргий Митико энэ арга хэмжээнд оролцоогүй байна.


Нарүхито тавдугаар сарын 1-нд хаан ширээнээ заларч  Японы 126 дахь эзэн хаан болсон билээ. Үүний зэрэгцээгээр Японд Рэйвагийн нэгдүгээр он эхэлсэн юм.


Нарүхито бол Дэлхийн II дайны үед Токио бууж өгсний дараа мэндэлсэн Японы анхны эзэн хаан юм. Тэрбээр Токиогийн нэр хүндтэй "Гакүшюин" их сургууль болон Оксфордын их сургуулийг төгсжээ. Шинэ эзэн хааны гэргий, өдгөө 55 настай Масако нь Японы нэртэй дипломатч юм. Масако Токиогийн их сургууль болон Харвардын их сургуулийг дүүргэжээ. Нөхөрт гарахаасаа өмнө Японы Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан байна. Тэд 2001 оны 12 дугаар сарын 1-нд төрсөн нэг охинтой.


Холбоотой мэдээ