Дэлхийн аваргын дэвжээнээс медаль хүртсэн тамирчиддаа мөнгөн урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-05 10:17:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулсан Жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аварга, дэлхийн аваргын медальтан болсон өсвөрийн тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэ тэмцээнээс Сэлэнгэ аймгийн 13 өсвөрийн тамирчид оролцож, Б.Шинэтулга, Г.Батцэцэг нар алтан медальС.Шинэхүү мөнгөн медаль, Г.Мөнхтуяа хүрэл медаль авчирч Сэлэнгэ түмнээ, аав ээжээ баярлуулсан юм. Аймгийн дарга эдгээр хүүхдүүддээ тэмцээнд явахын өмнө хүлээн авч уулзахдаа амжилттай оролцоод медаль зүүгээд ирсэн хүүхэд бүрт мөнгөн урамшуулал олгоно хэмээн амалсан. Тэрээр амлалтаа биелүүлж, өсвөрийн тамирчдынхаа цаашдын үйлсэд нь амжилт хүсээд мөнгөн шагналаа гардууллаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын зүгээс дэлхийн аваргаас амжилт дүүрэн ирсэн эдгээр хүүхдүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ингээд тамирчдыг "Шилдэг сурагч" медаль, батламж мөнгөн шагналаар, хоёр дасгалжуулагч багшийг "Багшийн алдар" цол тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.

Дэлхийн 120 орны 12 мянга гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнээс манай улсын баг тамирчид өсвөр үе, насанд хүрэгчдийн төрөлд нийтдээ 13 медаль хүртсэний дөрөв нь Сэлэнгэ нутгийн тамирчид байгаа юм.

 

Холбоотой мэдээ