“Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг шалгаруулж, нэг сая төгрөгөөр урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-06 13:50:45

Завхан/МОНЦАМЭ/. Завханд өнөөдөр аймгийн малчдын зөвлөгөөн эхэлж 400 гаруй төлөөлөгч оролцож байна.

Өнгөрсөн долоо хоногт буюу 4 дүгээр сарын 22-28-ны өдөр Завханы 24 сум малчдын зөвлөгөөнөө зохион байгуулж нийт 5700 гаруй малчин оролцжээ. Эдгээрээс аймгийн малчдын зөвлөгөөнд төлөөлөгчөөр 24 сумын 116 багийн 320 малчин оролцож байна. Харин сумдын мал эмнэлэг, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд нийт 100 орчим төлөөлөгч хамтран оролцож байна.

Завхан аймаг мал, амьтны гоц халдварт өвчингүй, эрүүл бүс нутгаа хадгалж чадсан давуу талаа ашиглан энэ жил Мал эмнэлгийн ерөнхий газар, Ногоон алт төсөлтэй хамтран улсын хэмжээнд анх удаа “Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоо”-г хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад буйгаа зөвлөгөөний үеэр малчдад танилцуулав.

Энэ тогтолцоог хэрэгжүүлснээр малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, малчдын ашиг орлого сайжрах, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон чухал ач холбогдолтой аж. Жил бүр малчдын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж малчид, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд, малын эмч нар мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж санал солилцдог ажээ.

Малчдын зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ жилийн байгаль орчинд ээлтэй, эко малчдыг маргааш тодруулах юм байна. “Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг шалгаруулж, нэг сая төгрөгөөр урамшуулна. Энэ жил 23 сумаас энэхүү шалгаруулалтад малчдын материал ирж, ажлын хэсэг 18 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Байгаль эх дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, санаачилга амжилт гарган бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж буй шилдэг таван малчныг нэг сая төгрөгөөр, харин 18 малчныг 200 орчим төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар болсон тухай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ