ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулган Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-02 08:01:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо болно.


Чуулганыг зохион байгуулах ажлын багийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж буй юм. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 1-нд ажлын багт чуулганаар хэлэлцэх асуудал, түүнд Монгол Улсын парламентын оролцоог хангах үүрэг өглөө. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орноос 150 орчим төлөөлөгч оролцох юм.


Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэх юм. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг 2016 онд баталсан бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилт ямар байгааг дүгнэх, танилцуулах, бусад улс оронтой жишин харьцуулах боломж гарч байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод, салбар хуралдаануудад боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбар хариуцсан сайд нар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.


ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулсан үеэс эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн билээ. Өдгөө УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодын гишүүнээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ