Сургуультай арслан морь унаж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-24 14:27:16

“Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ, Монголын Үндэсний цирк хамтран зохиож буй энэ сарын 26-наас эхлэн тоглох “Дэлхийн цирк  Монголд-2016” олон улсын циркчдийн тоглолтод оролцохоор авьяаслаг амьтад иржээ. 

Энэ удаагийн тоглолтод араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан гурван одой морь, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд үзэгчдийг баясгах  юм. Эдгээр амьтдыг Казахстан улсын нийслэл Астанагийн циркээс авчирчээ.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус тоглолтод шинэ уран бүтээлчдийг урьж, шинэ үзүүлбэр үзүүлдгээрээ онцлогтой. Циркийн хаан үзүүлбэр агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Украин, Беларусь улсын циркчид хүрэлцэн ирсэн. Эдгээр жүжигчдийг авчрахын тулд бүтэн жилийн хугацаанд олон удаа санал тавьж, ахуй хангамж, аюулгүй байдал зэрэг шаардлага хангаж урьж авчирлаа хэмээн Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ хэлэв.

Тоглолтод АНУ, Англи, Франц, Испани, Бразил, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны 60 гаруй авьяаслаг циркчин шилдэг үзүүлбэрээ толилуулах юм.

Казахстаны Астана хотын циркийн амьтан сургагч Ө.Тунгалаг хэлэхдээ, “2005 онд Казахстаны Астанагийн шинэ цирк нээгдэхэд нөхөр бид хоёрыг арслан сургаач гэсэн санал тавьсан. Тэр үед бид Алма-Аты хотод агаарын гимнастикчин байсан. Анх би арслангаас айж, холоос харж, эхний нэг жил ойртож чадаагүй. Түүнээс хойш арслан сургаж байна. Хоёр арслан 12 настай, нэг нас 6 сартай байхад нь сургаж эхэлсэн. Өндөр нь нэг метр 10-20 см. Энэ удаа тоглолтод оролцохоор том хүүтэйгээ ирлээ” гэв.

Арслангууд өдөрт 6 кг үхрийн ястай мах, хагас литр сүү, хагас кг тахианы мах, нэг өндөг, загасны тос хэрэглэдэг байна.  

Хоёр арслан галтай цагирган дундуур харайх, хоёр хөл дээрээ зогсох, суух, морь унах, хүний амнаас мах идэх зэрэг сонирхолтой үзүүлбэр үзүүлэх юм байна.

Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 10-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Үндэсний циркийн билетийн кассаар худалдаж байна.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил “Дэлхийн цирк Монголд” тоглолтыг давхардсан тоогоор 60 орчим мянган хүн үзэж сонирхжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ