Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хохирлыг ирэх сараас барагдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 14:26:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар “Капитал банкны дампууралд хэн буруутай вэ, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ” хэлэлцүүлэг Төрийн Ордонд зохион байгуулав.


Хэлэлцүүлэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ нарын 80 төлөөлөгч оролцлоо.


Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр Капитал банкийг энэ сарын 8-нд татан буулгасан. Капитал банк  нь 256 мянган харилцах болон хадгаламж эзэмшигчийн данстай бөгөөд үүнээс 221 мянга нь 20 сая төгрөгөөс доош мөнгө хадгалж байжээ. Тодруулбал, дээрх 221 мянган данс эзэмшигч нарт Хадгаламжийн даатгалын корпорациас 42.1 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд ХААН банкаар дамжуулан 23 тэрбум төгрөгийг иргэдэд олгосныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ хэлэв.


Харин 20 сая төгрөгөөс дээш дүнтэй 848 хадгаламж эзэмшигч, тэднээс 351 нь 50 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч байгаа юм. Энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, “Капитал банкны эрх хүлээн авагч энэ сарын 8-наас үүргээ гүйцэтгэж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 60 хоногийн дотор Монголбанкинд тайлангаа тавих ёстой. Үүний дараа тус банкны олгосон зээлийн чанарыг судлах юм. Ингээд энэ оны зургадугаар сарын 21-нээс 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулж эхлэх боломжтой болно” хэмээв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авах төлбөрт зориулж тус банкнаас 100 тэрбум төгрөг гаргасан нь банкны ажилд сөргөөр нөлөөлсөн байна” гэлээ.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монголбанкнаас Капитал банкинд хяналт тавиагүйн улмаас дампуурсан хэмээн шүүмжлээд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэд Капитал банкны дампуурсан шалтгааныг судлах, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахад хяналт тавих ажлын баг байгуулсныг мэдэгдлээ.

Холбоотой мэдээ