Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-01 12:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь өнөөдөр /2019.05.01/ НҮБ-ын тусгай илтгэгч Мишель Фросттой уулзлаа.


Тусгай илтгэгч Мишель Фрост энэ сарын 13 хүртэл Монгол Улсад ажиллаж, хүний эрхийн асуудал, хууль эрх зүйн орчинтой танилцаж, зөвлөмж гаргах юм. Уг зөвлөмжийг 2020 оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар хуралд танилцуулах юм.


Монгол Улс Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн төслийг батлахаар олон жил судалсан ч өнөөг хүртэл батлаагүй байгааг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэллээ. Мөн энэ чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд тусгай бүлэг оруулахаар төлөвлөж байгаагаа дурдав.


Мөн уулзалтаар хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн олон улсын туршлага болон хүний эрхийг хамгаалагчдад тулгардаг хүндрэл бэрхшээл зэрэг сэдвээр санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь Монгол Улс НҮБ-ын гишүүний хувьд хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах тусгай илтгэгчийн ажлыг бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ