Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлийн талаар Дэлхийн банкнаас зөвлөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2019-04-24 15:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газрын байранд “Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм” тайланг өнөөдөр танилцууллаа.


Тус байранд /2019.04.24/ Тайландын Бангкок хотноо энэ өдөр болж байгаа уг тайлангийн хуралдааныг шууд дамжуулан үзүүлсэн юм. Хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн уг уулзалтад Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев, ахлах эдийн засагч Жийн-Паскал Н.Нгану, эдийн засагч Ш.Алтанцэцэг, Б.Даваадалай нар оролцлоо.


Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг/ЗАНДБН/-ийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6,3 хувьтай байсан бол 2019-2020 онуудад 6 хувь болж бага зэрэг саарах төлөв байгаа нь гадаад эрсдэл болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт аажим буурсаар байгаатай холбон тайлбарлаж байна. Харин үр дүнтэй бодлого, эдийн засгийн гол үзүүлэлтүүд өндөр байж ялангуяа эдийн засгийн төрөлжилт, ханшийн уян хатан байдал, бодлогын орон зай эерэг байсны нөлөөгөөр тус бүс нутгийн орнууд 2018 оны санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг амжилттай даван туулсан гэдгийг онцолж байв. Худалдааны тодорхой бус байдал харьцангуй намжмал байгаа ч дэлхийн худалдаа цаашид ч бага зэрэг саарах төлөвтэй байна гэж Дэлхийн банкны энэ удаагийн “Сорилтыг удирдах нь: ЗАНДБН-ийн эдийн засгийн төлөв” тайланд онцолжээ. Бүс нутгийн ихэнх орны дотоод эрэлт сайн байсан нь экспортын сааралтын эдийн засагт үзүүлэх нөлөөг зөөлрүүлсэн болохыг уг тайланд дурдсан байна.



“Бүс нутгийн удийн засгийн энэ тогтвортой өсөлт хамгийн доод түвшиндээ хүрээд буй ядуурлын түвшинг цаашид ч үргэлжлэн буруулахаар байна. Тухайлбал, 2021 он гэхэд нэн ядуурлын түвшинг 3 хувиас доош бууруулах боломжтой” хэмээн Дэлхийн банкны ЗАНДБН-ийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква хэлээд “Харин тус бүс нутгийн хагас тэрбум орчим хүн ам эдийн засгийн хангалттай баталгаагүй нь ядууралд эргэн нэрвэгдэх эрсдэл бий. Энэ нь бодлого тодорхойлогчдод томоохон сорилт тулгарч буйг сануулж байна” хэмээн онцолж байв. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн бодлогод сааралтын үр дүнд 2018 онд 6,6 хувь өсөлт 2019-2020 онд 6,2 хувь болж буурахаар байна. Индонез болон Малайзын эдийн засгийн өсөлт энэ онд хэвээр хадгалагдах бол Тайланд, Вьетнамын эдийн засгийн өсөлт ялимгүй буурах төлөв байгаа аж. ЗАНДБН-ийн жижиг орнуудын хувьд өсөлтийн төлөв эерэг хэвээр бөгөөд дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд Лаос болон Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах төлөвтэй. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ эерэг төсөөлөл байгаа ч өнгөрсөн онд хүчтэй мэдрэгдсэн эрсдлүүд хэвээр байгаа нь сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.



Хөгжингүй эдийн засгийн өсөлт улам удаашрах, БНХАУ-ын өсөлт төсөөлснөөс илүү удаашрах магадлал, худалдааны маргаан шийдэгдэхгүй байх зэрэг нь тодорхой бус байдал үргэлжлэх гол шалтгаан болж байгаа. Мөн тулгарч буй бэрхшээл сорилтуудыг аль болох идэвхтэй удирдах шаардлагатай” хэмээн Дэлхийн банкны ЗАНДБН-ийг хариуцсан ахлах эдийн засагч Андрю Мэйсон онцолсон юм.


Дээр дурдсан эрсдлүүдтэй холбон авч хэрэгжүүлэх богино болон дунд хугацааны шийдлүүдийн талаар уг тайланд дурдахдаа: “Бодлогын орон зайг улам бэхжүүлэх, өнгөрсөн оны ханшийн савалгааны эсрэг нэлээд буурсан валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, хөрөнгийн гадагш урсгалаас сэргийлж мөнгөний бодлогод тохиргоо хийх шаардлагатайг зөвлөлөө. Мөн дунд хугацаанд эдийн засгийн бүтцийн асуудлуудад онцгой анхаарахыг тайланд онцолжээ. Түүний ач холбогдол-бүтээмжийг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувийн хэвшилд таатай боломжуудыг бий болгох, хүний хөгжлийг сайжруулах” зэргийг онцолжээ. Түүнчлэн зарим эрсдэл улам нэмэгдэж буй нь хүн амын эмзэг бүлгийн нийгмийн хамгаалал болон даатгалын  хөтөлбөрүүдийг сайжруулах хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх шаардлага байгааг тод харуулж байна. Өнөөдрийн байдлаар ЗАНДБН-ийн хөгжиж буй орнуудын нийгмийн хамгааллын хамрах хүрээ хүн амын хамгийн ядуу 20 хувиар авч үзэхэд аль ч бүс нутгаас доогуур түвшинд байгаа гэж тайланд онцлон анхааруулав.



Монгол Улсын эдийн засгийн өсөлт /2016 онд 1,4 хувь, 2017 онд 5,4 хувь/ 2018 онд төсөөллөөс давж, уул уурхайн бүтээгдэхүүн болон гадаадын шууд хөрөнгө оруулалтаас шалтгаалан 6,9 хувьд хүрчээ. Хувийн хэрэглээ, уул уурхайн болон аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалтаас хамаарч эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв 2019 он болоод цаашид өөдрөг байх төлөвтэй байна. Эдийн засгийн төлөв эерэг байхаас шалтгаалан ядуурал буурах хандлагатай. Улс төрийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэл, хил дээрх логистикийн хүндрэл, банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн хэрэгжилт удаашрах эрсдэл болон мөнгө угаахтай холбоотой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх зэрэг асуудалд сайтар анхаарахыг Дэлхийн банкнаас зөвлөж байна.


Санхүүгийн байдал 2018 онд мэдэгдэхүйц сайжирсан нь төсдийн нэгтгэлийн шинэчлэлийг тогтвортой хэрэгжүүлж эдийн засгийн гүйцэтгэл сайн болж, төсвийн зарлагын сахилга бат дээшилсэнтэй холбоотой байна. Эдийн засгийн өсөлт 2019 онд 7,2 хувьд хүрч, 2020-2021 онд ойролцоогоор 6,9 хувьд хүрч тогтворжих хандлагатай байгаа аж. Монголбанкнаас хязгаарлагдмал хүрээнд интервенц хийх замаар валютын ханшийг илүү уян хатан болгоход чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Дунд хугацааны макро эдийн засгийн бат бөх төлөв байдал нь ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсаар байх төлөвтэй байна гэжээ.


Энэхүү төсөөлөлд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл байгаа. Тухайлбал, 2020 оны сонгуулиас шалтгаалан улам хүндрэх  улс төрийн тодорхой бус нөхцөл байдал, дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлөх БНХАУ болон АНУ-ын хооронд худалдааны дайны өсөн нэмэгдэж буй нөлөөлөл, уур амьсгалын цочрол нөлөөлөл /ган гачиг, үер, зуд/, Хятадын хилийн зурвас дахь өсөн нэмэгдэж буй хүндрэлтэй асуудлууд, банкны салбар дахь хөрөнгийн бүтцийн шинэчлэлийн удаашралтай хэрэгжилт болон мөнгө угаахтай тэмцэх асуудал багтаж байна хэмээн зөвлөж байна.        

Холбоотой мэдээ