Олон жил ухаангүй байсан эмэгтэй ухаан оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-04-24 13:52:14

БЕРЛИН. /BBC/. Зам тээврийн осолд орж, хүнд гэмтсэний улмаас 27 жилийн турш ухаангүй байсан /coma/ Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ иргэн Мунира Абдулла ухаан орсон байна.


Осол 1991 онд гарсан бөгөөд М.Абдулла тухайн үед 32 настай байжээ. Сууж явсан автомашин нь автобустай мөргөлдөх үед тэрбээр хүүгээ тэвэрч амжсан байна. Тэд автомашины арын суудалд сууж явсан бөгөөд түүний дөрвөн настай хүү Омар Вебайр хөнгөн гэмтжээ.


М.Абдулла өнгөрсөн онд Германы нэгэн эмнэлэгт ухаан орж сэргэсэн бөгөөд О.Вебайр энэ талаар анх удаа АНЭУ-д төвтэй “The National” сонинд даваа гарагт ярилцлага өгсөн байна.


“Ээж минь нэг л өдөр сэрэх юм шиг санагддаг байсан учир би огт бууж өгөөгүй. Ээжийнхээ түүхийг олон нийтэд дэлгэж буй нь ухаангүй байгаа хайртай дотны хүмүүсээ үхсэн мэт үзэхгүй байж, итгэл найдвараа алдахгүй байхыг бусдад уриалахыг хүссэн юм” гэж О.Вебайр хэлжээ.  


Эмчилгээний түүх

М.Абдуллаг анх эмнэлэгт хүргэсний дараахан түүнийг Лондон хот руу шилжүүлсэн байна. Тус хотын эмнэлэгт түүнийг тархины гэмтлийн улмаас ухаангүй болсныг оношилсон байна. Тэрбээр хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болсон хэдий ч өвчин бага зэрэг мэдэрдэг байжээ.


Үүний дараа М.Абдуллаг АНЭУ-ын Аль Аин хотын эмнэлэгт хэвтүүлж, олон төрлийн эмчилгээ хийсэн байна. Энд түүнийг амьд байлгахын тулд нэлээн хэдэн жилийн турш гуурсаар хоолложээ. 2017 онд гэр бүлийнхэн нь түүнийг Герман руу шилжүүлэх хүсэлтийг АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайжийн шүүхэд гаргасан байна.


Германд тэрбээр маш олон тооны мэс засалд орж, биеийн байдлыг нь сайжруулах эмчилгээ хийлгэжээ. Энд М.Абдулла сэргэсэн бөгөөд тэрбээр хариу үзүүлэх чадвартай болж, харилцан яриа өрнүүлдэг болжээ.  


“М.Абдуллад тохиолдсонтой ижил явдал маш цөөн удаа гарч байсан бөгөөд сэргэх, эмчилгээ авах эсэх нь тухайн хүний биеийн байдлаас ихээхэн хамаардаг” гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн газрын мэргэжилтэн хэлсэн байна.   

Холбоотой мэдээ