Завханы үзэсгэлэнт газар нутгийг “The Grand tour”-ын гуравдугаар цувралаас үзээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-23 18:41:26

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Эрдэнэхайрхан, Нөмрөг Тэлмэн суманд дэлхийн алдарт нэвтрүүлгүүдийн нэг болох “Amazon Prime”-ын “The Grand tour”-ын гуравдугаар цувралын 13 дугаар ангийн зураг авалтыг хийжээ.

Энэхүү хэсэгт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуураас Тэлмэн сумын Бүст нуурын хэсэг газраар дайран, Хөвсгөл аймгийн Мөрөн хот хүртэлх адал явдлыг өгүүлжээ. Энэ сарын эхээр олны хүртээл болсон тус шоунд хөтлөгчид Монголын хатуу ширүүн уур амьсгалд амьд үлдэхээр тэмцэж байгаа тухай гарна. “Top Gear” домогт шоуны хөтлөгч байсан Жереми Кларксон, Ричард Хаммонд, Жеймс Мей нар шоуныхаа шинэ ангийг ийнхүү Монголын баруун хязгаарт хийсэн нь нэвтрүүлгийг улам сонирхолтой болгожээ.

Учир нь тэд хот суурин газраас хэдэн зуун км зайтай эзгүй талд долоо хоногийн хүнс, жижигхэн майхан, машин угсрах сэлбэг хэрэгсэлтэй үлдэнэ. Шоуны турш тэд өлсөж, цангаж, ядарч, уйдаж, зовж байгаа нь харагдана. Хатуухан уух юм байхгүй нь ч тэднийг шоконд оруулах аж. Кларксон твиттер хуудсандаа “Монголд хийсэн нэвтрүүлэг маань та бүхэнд таалагдана гэдэгт итгэж байна. Харин би тэнд хийсэн зураг авалтыг үзэн ядаж байлаа” гэж жиргэжээ. Маш их зовж зүдэрсэн ч Кларксон энэ аяллаа шоуныхаа хамгийн шилдэг анги гэж тодорхойлсон байна. “The Grand Tour” автомашины шоуны хамгийн шилдэг анги болох эх орны минь баруун хязгаарын байгалийн үзэсгэлэнт газарт, автомашины адал явдалтай дараах линкээр youtube.com/watch?v=vB0AhlBFR10/ орж танилцаарай.

Холбоотой мэдээ