“Илгээлтийн эзэд” аяны тусламжийн цуваа хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-23 16:08:56

МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нарын БСШУЯ-тай хамтран эхлүүлсэн “Илгээлтийн эзэд” аяны цуваа зудтай аймгуудад хандив өргөхөөр өнөөдөр Чингисийн талбайгаас хөдөллөө.

Малчдад туслах зорилготой тус аяны хүрээнд дуучид “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг энэ сарын 14, 16, 17, 19-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглосон юм. Тэд дөрвөн өдрийн тоглолтын орлого болон ЕБС-ийн сурагчид, хувь хүмүүсийн хандиваар нийтдээ 12000 боодол буюу 240 тонн өвс, 40 тонн малын тэжээл, 150 ширхэг 20 литрийн усны сав, 8000 элгэвч, нэмнээг цуглуулснаа Улсын онцгой комисс, Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөв.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар хэлэхдээ, “Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд явуулсны үр дүнд малчид өвлийг өнтэй давлаа. Гэсэн хэдий ч мал төллөж эхлээд буй энэ цаг үед зарим нутгаар хаваржилт хүндрэлтэй байх нөхцөл бүрдээд байгаа тул “Илгээлтийн эзэд” аян цагаа олсон, үр дүнтэй ажил болж байна. Ард олноо уриалсан, залуусыг манлайлсан хоёр гавьяатдаа талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Хоёр дуучин хандиваа Өвөрхангай аймгийн зудтай сумаас эхлүүлэх юм.

Өвс, тэжээл, малын нэмнээ ачсан 30-40 Зил-130 машин, шаланз автомашинууд ийнхүү малчдад туслахаар зудтай аймгуудыг зорилоо.

Ж.Болор

Холбоотой мэдээ