Гудамжинд яваа эмэгтэйчүүдийг хоргоох нь гэмт хэрэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-19 14:36:30

БУЭНОС-АЙРЕС. /РИА Новости/. Олон нийтийн өмнө эмэгтэйчүүдэд дарамт учруулах үйлдлийг Аргентины эрх баригчид гэмт хэрэгт тооцохоор болжээ. Энэ талаарх хуулийг Аргентины Сенатын танхим санал нэгтэй баталсан байна.


Тухайлбал, эмэгтэйчүүдийн зөвшөөрөлгүйгээр тэдний зургийг авах, дүрс бичлэг хийх болон олон нийтийн газар, гудамжинд явах, тээврийн хэрэгслээр зорчих үед нь дур мэдэн биед нь хүрэх, зүй зохисгүй дохио зангаа ашиглах, өдөж хоргоох зэргийг дарамт учруулсан хэрэгт тооцож байгаа юм.


Ийм үйлдэл гаргасан хүмүүст торгууль ногдуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, баривчлан саатуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх аж. Түүнчлэн тус улсын Үндэсний эмэгтэйчүүдийн байгууллага гудамжны дарамт шахалтад өртсөн эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх зорилгоор шууд холбоо барих утсыг ажиллуулах аж.


Хүчирхийлэлтэй тэмцэх нь Аргентины эрх баригчдын өмнө тулгараад буй чухал асуудлуудын нэг юм. Тус улсад хэдэн зуун хүнээс бүрдсэн феминист хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлдэг байна. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын гудамжинд нил ягаан болон ногоон өнгийг оролцуулсан гоёл чимэглэл зүүсэн эмэгтэйчүүдтэй таарах нь элбэг байдаг гэнэ.  Нил ягаан өнгө нь хүчирхийллийн эсрэг тэмцлийг бэлгэдэж байгаа бол ногоон өнгө нь үр хөндөлтийг хууль ёсны болгох хөдөлгөөнийг дэмжиж байгаагийн илэрхийлэл аж. 

Холбоотой мэдээ