Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээ эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-16 10:15:18

ВАШИНГТОН. /NHK/. Япон-АНУ-ын төлөөлөгчдийн худалдааны хэлэлцээний шинэ үе шат даваа гарагт Вашингтон хотноо эхэлжээ. Японы төлөөлөгчид хэлэлцээний хүрээг хязгаарлах хүсэлтэй байгаа бол АНУ-ын тал өргөн хүрээг хамарсан хэлэлцээ хийхийг эрмэлзэж байна.


АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг хариуцсан Японы сайд Тошимицү Мотэги болон АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар дөрөвдүгээр сарын 15, 16-нд уулзах юм. Уулзалтын эхний өдөр талууд хэлэлцээ ямар хүрээг хамрах талаар хэлэлцэх төлөвтэй байжээ.


Японы төлөөлөгчид бараа бүтээгдэхүүний худалдааг голчлон хэлэлцэхийг эрмэлзэж байгаа бөгөөд үйлчилгээ болон бараа бүтээгдэхүүнд хамааралгүй салбаруудын талаарх асуудлыг хэлэлцээнд оруулахгүй байхыг эрмэлзэж байна.  


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн сард гаргасан эдийн засгийн тайланд дурдсанаар, тэрбээр өргөн хүрээг хамарсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах хүсэлтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ